Тод үсгийн 474 ш сударыг цахим хэлбэр оруулж баринтиглалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-23 13:33:14

Хэл бичгийн эрдэмтдийн судалснаар манай улсад 3000 орчим тод үсгийн судар хадгалагдаж байгаа аж. Үүнээс Увс аймгийн Төв музейд 465 ш тод үсгийн судар хадгалагдаж байна.

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа “Тод үсэг 21-р зуун” төслийн хүрээнд Монголын түүх соёл судлалд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа “Тод номын гэрэл төв” болон Монгол Улсын ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн эрдэмтэн, судлаачид Увс аймагт ирж аймгийн Төв музейд хадгалагдаж байгаа 465 ш сударыг цахим хэлбэрт оруулан эрдэм шинжилгээний тодорхойлолт хийж нэршлээр нь баринтиглах түүхэн үйл явдал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Энэ үеэр давхардуулан боож хадгалсан 9 ш сударыг нэмж бүртгэсэн байна.

Тод үсгийг 1648 онд Ойрадын их бичгийн хүн Зая бандида Намхайжамц зохиожээ. Тэрбээр өөрийнхөө зохиосон тод үсгийг дэлгэрүүлэхийн тулд маш их хичээл зүтгэл гарган ажиллаж, төвд хэл дээрх ном судруудыг монгол хэл рүү хөрвүүлсэн аж. Зая бандида Намхайжамц 178 сударыг өөрөө орчуулсан гэдэг бөгөөд түүний шавь нар ч гэсэн тусалсан байна. Хэл зохиолын хүрээлэн болон Үндэсний төв номын сан, Увс аймгийн Төв музейн цуглуулга зэрэгт нийтдээ 3000 орчим тод үсгийн судар бүртгэгджээ. Үүнээс гадна ард иргэдийн гар дээр үеэс үед хадгалагдаж ирсэн ном судар хичнээн байгааг судлаж үзээгүй байна.

“Монгол Улсын Засгийн Газраас “Тод үсэг 21-р зуун” төслийг энэ жилээс хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд тод үсгээр бичигдсэн ном сударыг цахим хэлбэрт оруулах ажил өрнөж байна. Өөрөөр хэлбэл, гэрэл зургийг нь стандартын дагуу авч бүртгээд юу бичсэн байна гэдгийг нь судлаж байгаа. Тод бичгийн сан хөмрөг барагдахгүй арвин бөгөөд хамгийн гол нь хойч үедээ өвлүүлэн үлдээх хэрэгтэй байгаа юм” хэмээн түүхийн ухааны эрдэмтэн, доктор На.Сүхбаатар хэллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ