Сүхбаатар аймгийг малын өвчингүй болоход онцгойлон анхаарахыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-23 13:12:52

Өнгөрсөн Баасан гарагт Монгол Улсын шадар сайд, улсын онцгой комиссын дарга У. Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ аймгийн онцгой комиссын хурлыг хийж, хэд хэдэн үүрэг даалгаварыг өгсөн. Ялангуяа Сүхбаатар аймгийг малын өвчингүй болгох тал дээр онцгойлон анхаарч ажиллахыг тусгайлан үүрэг болголоо.

Тэрбээр, “ Нэн тэргүүнд бид өвөг дээдсийнхээ нутаг усыг малын өвчингүй болгох ёстой. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Сүхбаатар аймаг малын өвчингүй болох тал дээр санаачлага гарган тодорхой хөтөлбөр боловсруулж, аль аль талаас дэмжлэг авч ажиллах хэрэгтэй. Шаардлагатай гэвэл би гадаадын байгууллагуудтай ярьж өгье. Хойшид Бичигтийн боомт Олон улсын боомт болохыг үгүйсгэхгүй. Бид  тус боомтоор мах экспортлох талаар ярьж байгаа. Хятадын талтай ч ярьж тохирсон зүйл байгаа. Сүхбаатар аймгаас мах авахаар болсон. Энэ талаар би зориуд хүсэлт тавьсан юм. Гэхдээ бид энэ өвчнийхөө голомтыг дарж авахгүй бол нөгөө тал мэдээж мах авахгүй. Малаа эрүүлжүүлээд махаа экспортонд гаргадаг бол энэ аймаг орон нутгийн иргэдийн амьдрал л сайжирна. Үүнийг бүгдээрээ бодлогоор дээрээс нь сэтгэл гаргаж  хийе. Аливаа ажлыг  хийхэд сэтгэл гэдэг маш чухал. Энэ бол төрийн албанд маш их хамааралтай. Тиймээс энэ тал дээр бүр онцгойлон анхаарах хэрэгтэй.  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газар, мөн нутгийн хүний хувьд Шадар сайд миний бие туслалцаа үзүүлье...” хэмээн Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У. Хүрэлсүх хэллээ.

Мөн тэрээр аймаг  орон нутгийн удирдлагууд ажлаа аваад удаагүй байна. Хуучин ажиллаж байсан хүмүүс нь шинэ удирдлагуудтайгаа гар нийлэн, дэмжиж ажиллах  хэрэгтэй. Энэ дөрвөн жилд Сүхбаатар аймаг малын өвчингүй, бас өргүй болвол энэ маш том ажил болно шүү гэдгийг хэлсэн юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ