Тээврийн хяналтын үзлэгт ороогүй 10 мянга орчим машин байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-23 12:30:40

2016 онд аймгийн Авто тээврийн төвд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 21171 байгаагаас 11516 тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт орсон байна. 9655 тээврийн хэрэгсэл үзлэгт ороогүй бөгөөд судалгаа явуулж ашиглагдах боломжгүй машинуудыг хасалт хийх аж.

Үзлэгээр тээврийн хэрэгслүүдэд тэнхлэг тохиргоо, гэрэл асахгүй зэрэг зөрчлүүд ихээр илэрчээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 213 дугаар тогтоолоор авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан байна. Суудлын авто машин, такси жилд нэг удаа техникийн хяналтын үзлэгт хамрагдах ба нэг удаагийн төлбөрийн хэмжээ 10000 байсныг 20000 болгож, ачааны машин, автобус, нийтийн болон жуулчны ажилчдын, сургуулийн хүүхдийн автобус, трактор зэрэг тээврийн хэрэгслүүд жилд нэг удаа техникийн хяналтын үзлэгт хамрагдах ба нэг удаагийн төлбөрийн хэмжээ 15000 төгрөг байсныг 30000 болгон нэмэгдүүлжээ. 

Мөн мотоцикль, ачааны машины чиргүүл 5000 байсныг 10000 болгож нэмэгдүүлжээ. Авто тээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн оноос хойшхи жилд  2 жилд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн авто тээврийн хэрэгслийн тооллогод хамруулж байхаар баталсан байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ