Арвайхээр хотын утаа уршиг дагуулах хэмжээнд хүрээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-23 11:51:04

Аргалж болдоггүй, аргаа барсан нэг асуудал бол утаа. Улаанбаатарын утаа уушиг устгаж байгаа бол Арвайхээрийн агаар амьсгал давчдуулж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ оны эхэнд хуралдаж Улаанбаатарын утаа гамшиг болсныг дахин зарласан. Үүнтэй хамтатган Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын утаа уршиг дагуулах хэмжээнд хүрснийг ч бас сануулжээ.

Арвайхээр хот уур амьсгалын 2 дугаар бүсэд оршдог бөгөөд өвөлдөө хур тунадас багатайгаас агаар хуурайших, тоосжилт үүсэх зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлөх нь бий. Гэвч түүнээс хэдэн хувь илүүгээр айл өрх, байгууллагуудын яндангийн утаа, машин техникийн шатахууны шаталт, цэвэрлэх байгууламж, шатахуун түгээх станц, шороон замын сөрөг үзэгдэлүүд агаарыг бохирдуулахад хувь нэмрээ оруулсаар байна. Арвайхээр дэх байгууллагууд жилд 15 мянган тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд дунд хүчин чадлын гар ажиллагаатай болон албадмал эргэлттэй 60 орчим зуухыг ашиглаж байгаа юм. Эдгээр зуух нь стандартын шаардлага хангадаггүй, түлш зарцуулалт их, ашигт үйлийн коэфциент бага, зардал өндөр, механикжилт муу. Түүний зэрэгцээ энэ сууринд 9 мянга орчим айл өрх амьдарч ердийн галлагаатай зуух ашиглан  жилд 10 гаруй мянган тонн нүүрс хэрэглэж байна.

Судалгаанаас авч үзэхэд уурын зуухнуудаас 1014-39,0 мянган тонн, тээврийн хэрэгслүүдээс 10 мянга орчим тонн, гэр хорооллоос 1234-59 мянган тонн агаар бохирдуулах бодис жил бүр агаарт хаягдаж байгаа ба JICA олон улсын байгууллагын судалгааны аргачлалаар тооцоход утааны 60 хувь нь гэр хорооллоос, 40 хувь  нь уурын зуухны яндан, машин техникээс гарч байна.

Сүүлийн жилүүдэд агаар бохирдуулагч хийнүүдийн хэмжээ жил бүр нэмэгдэж, 10-3 сард бусад сарыг бодвол ихэсдэг нь хүхэр агуулсан нүүрсийг энэ саруудад түлхүү хэрэглэдгээс үүдэлтэй аж.  Хүн ам, айл өрхийн тоо нэмэгдсэн, машин тэрэг ихэссэн, Баянтээгийн нүүрс хөө тортог ихтэй гээд олон шалтгаанаас үүссэн утааг арилгахын тулд Өвөрхангай аймгийн удирдлагууд, албан хаагчид багагүй ажлыг хийсэн. Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн жижиг уурын зуухнуудыг том руу нь нэгтгэж, гэр хорооллын айл өрхүүдэд утаа бага гаргадаг, бүрэн шаталттай 3500 зуухыг хөнгөлттэй үнээр суурилуулсан байна. Хатуу хучилтгүй зам нь орчны бохирдол төдийгүй хөрсний элэгдэл, доройтолд хүргэдэг хэмээн мэргэжилтнүүд хэлсний дагуу жил тутамд хөрөнгөнийхөө хэрээр засмал зам тавьж, өргөжүүлж байна. Гэвч олигтой үр дүнд хүрсэнгүй.

Дулааны станц барьж ашиглалтад оруулах нь агаарын бохирдлыг бууруулах ганц гарц хэмээн үзэж, аймгийн дарга нар хэдэн жилийн турш дээшээ өргөх бичиг барьж гүйсний эцэст 2014 онд 35мВт-ын хүчин чадалтай дулааны станцын шавыг тавьсан боловч хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан хойшилсоор замхарсан. Тэгээд ч дулааны станц барих нь зөв үү гэх эргэлзээ хэн, хүнд байна. Учир нь түүнийг маш өндөр зардлаар барихаас гадна байгууллагууд, орон сууцанд холбох шугам сүлжээ нь станц барихаасаа дутахааргүй өндөр үнээр хийгдэх юм. Зээл тавьж барьчихлаа гэхэд дулааны шугаманд холбогдсон айл өрхүүд, байгууллагууд одоо байгаагаасаа 1 дахин илүү төлбөрийг төлөх болно. Дулааны станц барьснаар агаарын бохирдол 40 хувиар буурах боломжтой ч  үнэ өртгөөс нь болж гэр хорооллын айл өрхүүд нүүрсээ түлж утаагаа гаргасаар л байх юм.

Гарах гарцгүй мэт санагдах утааны асуудлыг зөнд нь орхих уу эсвэл болохоос болохгүйг нь хүртэл хийж тэмцэх үү?  гэсэн асуултыг аймгийн Засаг дарга Г.Ганболдод тавилаа.

Тэрээр хэлэхдээ “Улаанбаатарт хийгдэж байгаа утаатай тэмцэх бүх арга хэмжээг Өвөрхангайд ч хийж үзлээ. Гэртэй өрхүүдэд бүрэн шаталттай зуухыг хөнгөлттэй үнээр өгч, байгууллагын уурын зуухнуудад шүүлтүүр, тоолуур тавьж багагүй хөрөнгө зарсан боловч утаан дахь хортой хүнд элемэнт тодорхой хэмжээнд багассанаас утаа өөрөө багасаагүй. Агаарын бохирдлын 85 хувь нь айл өрхийн утаанаас шалтгаалж байна. Тэр дундаа байшинтай айлууд их хэмжээний утаа гаргаж байна. Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулахаар эрчим хүчний тарифыг шөнийн цагаар  тэглэсэн. Өөрөөр хэлбэл байшинтай айлууд дулааны асуудлаа цахилгаанаар шийдэх юм бол мөнгө төлөхгүй. Үүний алдагдлыг төр даана. Энэ шийдвэрийг Өвөрхангай аймагт нэвтрүүлж, хэрэгжүүлэх нэг арга байна. Цахилгаанаар халдаг төрөл бүрийн халаагуур байгаа. Түүнийг худалдан авч шөнийн цагаар гэрээ халаагаад өдрөөр бүрэн ашиглахгүй байлгаж чадвал утаа ч багасна. Айл өрхүүдийн эрчим хүчний төлбөр ч бага гарна гэж тооцоолж байгаа юм. Харин цахилгаан халаагуурын үнийг яаж хямдруулах вэ, иргэдийн худалдан авах чадвар нийцсэн бүтээгдэхүүнийг олноор нь яаж нийлүүлэх вэ зэрэг асуудал урган гарах байх...” гэлээ.

Техник, технологийн дэвшлийг ашиглаж утаанаас бага ч болов салах шинэ арга зам гарч ирсэнд бүгд л баяртай байна. Харин Өвөрхангайд хэзээ хэрэгжиж эхлэх вэ? гэсэн хүлээлт иргэдийн дунд багагүй байгаа аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ