Сэлэнгэ аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн хэмжээнд ханиад, томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоож, хөл хорио тогтоолоо.
Аймгийн Засаг даргын шийдвэрээр энэ сарын 19-ний өдрөөс 30-ны даваа гараг хүртэл аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоож, хөл хорио тогтоолоо.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ сарын 16-наас 19-ний хооронд гурван өдрийн байдлаар нийт 3604 хүн амбулаторийн үзлэгт хандсан байна. Эдгээр иргэдийн 334 нь буюу 72.2 хувь нь 0-5 хүртэлх насны хүүхдүүд байгаа бөгөөд тэд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна.
Мөн энэ хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн дуудлагад 101 дуудлага ирсэний 7 нь томуу, томуу төст өвчний дуудлага байжээ. Аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 559 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 61 нь ханиадаар өвчилсөн байгаа юм. Өнөөдрийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг ачааллаа даахгүй хэмжээнд хүрээд байна. Тус тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 103 хүүхдийн 58 нь томуугаар өвдсөн бөгөөд 13 хүүхэд сэхээн амьдруулах тасагт, нэг хүүхэд маш хүнд, 4 хүүхэд хүндэвтэр байдалд байгаа гэнэ.
Иймээс дээрх нөхцөл байдлын улмаас ийнхүү аймгийн хэмжээнд хөл хорио тогтоогоод байгаа юм.
Ч.Отгонцэцэг