Архангай аймгийн дөрвөн сум зудтай, таван сум зудархуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-18 16:03:33

Архангай аймгийн Эрдэнэмандал, Өлзийт, Төвшрүүлэх, Цэцэрлэг сумд зудтай байна. Аймгийн ХХААГ, ОБГ хамтран өвөлжилтийн байдалд үнэлгээ хийж, зудын эрсдлийг гаргажээ.

Үнэлгээгээр 4 суманд зудтай, 5 суманд зудархуу, 2 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг тогтоосон байна. Зудтай сумдад цасны зузаан дунджаар тэгш тал газраа 20-25 см, гуу жалгандаа 40-60 см, зудархуу сумдад тэгш тал газраа 15-20 см, гуу жалгандаа 20-25 см байна.

Оны эцэст 5,009,600 толгой мал тоолуулсан Архангай аймгийн мал сүргийн 2,0 сая гаруй нь эдгээр 11 суманд өвөлжиж байгаа юм. Аймгийн онцгой комисс шийдвэр гаргаж, Улсын нөөцөөс 220 тн өвсийг үнэгүй, 220 тн тэжээлийг нэг суманд 10 тн тэжээл байхаар хуваарилж, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хүргүүлэхээр болжээ. Өвс, тэжээлийг 1-р сарын 26-нд Төвшрүүлэх суман дахь Улсын нөөцийн салбараас дээрх 11 суманд хүргэх юм.

Өвөлжилт хүндэрсэн сумдад хонины цэцэг өвчин гарсан Хашаат, Өгийнуур сумд багтаж байна. Энэ хоёр сум болон Өлзийт сумын хонинд вакцин хийгээд дууссан. Ирэх 3-р сараас аймгийн нийт малыг хамарсан вакциныг хийхээр төлөвлөж байгаа юм байна.

О.Амарзаяа

Холбоотой мэдээ