Говь-Алтай, Ховд аймагт 789 бөхөн өвчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-01-17 18:31:05

Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт 789 бөхөн бог малын мялзан өвчин тусч, үрэгдсэн талаар Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн захирал Ш.Энхтүвшин мэдээлэв.

Тэрбээр өнөөдөр Говь-Алтай, Ховд аймгийн зарим сумдад гарсан бог малын мялзан өвчний голомтод ажиллах Ажлын хэсгийн хуралдааны үеэр ийнхүү хэлсэн юм. Өнгөрсөн онд хийсэн тооллогоор бөхөнгийн тоо толгой 10 мянга гаруй байжээ. Мялзан өвчнөөр Говь-Алтайн хүрээнд Дарвийн говь, Хүйсийн говь дахь бөхөн түлхүү өвчилж байгаа гэдгийг БОАЖЯ-ны Ажлын хэсгээс танилцуулав. БОАЖЯ, ХХААХҮЯ болон олон улсын байгаль хамгаалах байгууллагууд хамтран бөхөнг хамгаалах, өвчний дэгдэлтийг зогсоохын тулд “Бог малын мялзан өвчин Монгол бөхөнд илэрсэнтэй холбоотойгоор хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж”-ийг гаргажээ. Уг зөвлөмжийг БОАЖЯ-ны Ажлын хэсэг маргааш буюу энэ сарын 18-нд болох Засгийн газрын хуралдаанд танилцуулах бөгөөд өвчний голомтод ажиллах төсөв хөрөнгийг батлуулж, бусад үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох аж.

БОАЖЯ-ны зүгээс малчдыг малаа бөхөн өвчилсөн газраас хол бэлчээрт гаргах,  өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай харъяа мал эмнэлэгтээ хандах болон вакцинд хамруулахыг анхаарууллаа.

Э.Энэрэл

Холбоотой мэдээ