Нетаньяху Аббастай хэлэлцээ хийхэд бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-16 15:37:16

ИЕРУСАЛИМ. /BBC/. Улс оронд нь хүчирхийлэл газар авсныг зогсоох зорилгоор Палестины удирдагч Махмуд Аббастай хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдлээ.

“Бид одоо уулзахад асуудал байхгүй гэж бодож байна. Израилийн эсрэг үйлдэж буй халдлага, өдөөн хатгалгыг бид нэн даруй зогсоох ёстой” гэж Нетаньяху хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Гэхдээ тэрбээр хэдийгээр Аббастай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа боловч Палестины удирдагч өөртэй нь уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлээгүй гэдгийг онцлон дурджээ.

Нетаньяху мөн Израилийн түгшүүртэй байдлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Иорданы хаан хоёрдугаар Абдаллатай хэлэлцэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.

Палестинчуудын үйлдсэн халдлагуудын дараа Израилийн цагдаа нар тус улсын армийн цэргүүдийн дэмжлэгтэйгээр Зүүн Иерусалимын зарим дүүргийг бүслэн хаах томоохон ажиллагааг лхагва гарагт эхлүүлсэн юм.

Аравдугаар сар гарснаас хойш Израиль болон Иордан голын Баруун эрэгт тус улсын долоон иргэн амиа алдсан бөгөөд халдлагын хариуд явуулсан ажиллагааны явцад Палестины наад зах нь 30 иргэн амиа алдсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ