Салсан эхнэрээ Ерөнхийлөгч болгохыг дэмжив

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-01-13 09:09:31

ПРЕТОРИ./TASS/. ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума өөрийн салсан эхнэр Нкосазана Дламини-Зумагийн нэрийг эрх баригч Африкийн Үндэсний конгресс /АҮК/ намын даргын албан тушаалд дэвшүүлэхийг дэмжжээ. Нкосазана Зума энэ сард Африкийн Холбооны комиссын даргын ажлаа хүлээлгэн өгөх юм.

Нам нь 2019 оны парламентын сонгуульд ялсан тохиолдолд АҮК намын даргаар сонгогдсон хүн шууд ӨАБНУ-ын Ерөнхийлөгч болох аж. ”Хэрвээ АҮК нам Нкосазанад ийм үүрэг хариуцлагыг итгэн хүлээлгэх аваас Зумагийн гэр бүлийн холбоо үүнд саад болохгүй” гэж Жейкоб Зума мэдэгджээ.

Салсан эхнэр нь Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан учраас удирдан зохион байгуулах асар их туршлагатай гэдгийг тэрбээр онцлон дурдсан байна.

Тэрбээр мөн хэлэхдээ, АҮК намын хувьд эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх цаг хэдийн болсон гэжээ. Нкосазана бол оюутан ахуйдаа арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэмийн эсрэг идэвхтэй тэмцэгч байсан гэдгийг Ж.Зума онцлоод “тэрбээр тэмцлийн дунд өссөн” гэж тодорхойлсон байна.  

Жейкоб, Нкосазана нар дөрвөн хүүхэдтэй бөгөөд 1998 онд гэр бүлээ цуцлуулжээ. Нкосазана-гийн хувьд гол өрсөлдөгч нь одоогийн дэд Ерөнхийлөгч Сирил Рамапоса юм. Нийтдээ зургаан нэр дэвшигч намын даргад өрсөлдөж байгаа гэдгийг АҮК намын Ерөнхий нарийн бичгийн дарга Гведе Манташе дурдсан боловч тэдний нэрийг хэлсэнгүй.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ