Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд анхаарахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-10 18:43:01

Булган аймгийн Засаг дарга З.Батзориг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ төрийн албан хаагчид, эмч, эмнэлгийн мэргэжлийн ажилтнуудтай уулзаж санал бодлыг нь сонслоо.

ЭМЯ-аас баталсан стандартын дагуу 623 хүний орон тоотой ажиллах ёстой аймгийн Нэгдсэн эмнэлэг өнөөдрийн байдлаар 234 хүний орон тоотой  ажиллаж байна. Энэ нь 1 хүн 3 хүний ажлыг хийж байгаа гэсэн үг юм. Манай аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа, бэрхшээлтэй олон асуудлууд хуримтлагдсаар иржээ. Жишээлбэл: бүрэн хэмжээний шинжилгээний тоног төхөөрөмж байхгүй, ходоод дурандах дуран эвдрээд дахин шинээр авах төсөв хөрөнгө байхгүй, шүдний болоод дотрын эмч хүрэлцээгүй, гэх мэтчилэн өөр олон асуудлууд тулгамдаж байгаа. Тэр хэрээр иргэдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж доголдож, үйлчлэгч, хэрэглэгчийн дунд үл ойлголцол, бухимдлыг төрүүлж байгааг иргэд, албан хаагчид дурьддаг.

Эрүүл мэндийн салбарт зайлшгүй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эрүүл мэндийн чанар үйлчилгээг сайжруулах, шинжилгээ, эмчилгээний цогц үйл ажиллагааг цаг алдалгүй хэрэгжүүлэх асуудалд аймгийн удирдлага бусад хэлтэс, ажлын хэсэгтэй санал нэгдэж, хамтран ажиллахаар боллоо.

                                                                                                                                                                                  П.Батням

Холбоотой мэдээ