“Toyota” АНУ-д 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-01-10 14:32:24

ТОКИО./Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани ирэх таван жилийн хугацаанд АНУ-д 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж тус компанийн ерөнхийлөгч мэдэгдлээ.

Америкийн Детройт хотод даваа гарагт болсон авто шоуны үеэр Акио Тоёда энэ тухай мэдэгдсэн байна.​ АНУ-ын зах зээлд “Corolla” загварын автомашинуудаа борлуулахын тулд Мексикийн Баха мужид шинэ үйлдвэр барина гэж “Toyota” саяхан мэдэгдсэн юм. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп “Америкт үйлдвэрээ барь эсвэл  гаалийн өндөр татвар төл. Өөр сонголт байхгүй!” гэж твиттер хуудсандаа бичин тус компанийг сүрдүүлсэн билээ.

Манай компани АНУ-ын эдийн засагт багагүй хувь нэмэр оруулдаг гэж ноён Тоёда онцлон дурджээ. Түүний хэлснээр, “Toyota”-гийн хамгийн том үйлдвэр АНУ-д байдаг бөгөөд 136 мянган америкчуудыг ажлын байраар хангадаг аж.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ