“Nokia” брэндийн анхны ухаалаг гар утас худалдаанд гарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-01-08 15:23:36

ХЕЛЬСИНКИ. /Reuters/. “Nokia” брэндийн нэрийн дор гар утас үйлдвэрлэх эрхийг эзэмшдэг Финландын “HMD Global” компани Хятадын хэрэглэгчдэд зориулан 1699 юань буюу 246 ам.доллароор анхны ухаалаг гар утсаа худалдаанд гаргаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

“Nokia Oyj” компани гар утас үйлдвэрлэлийн салбараа 2014 онд “Microsoft” компанид худалдсанаас хойш тус брэндийн нэрээр анх удаагаа ухаалаг гар утас худалдаанд гаргаж байгаа нь энэ юм.

 “Nokia 6” шинэ төхөөрөмж нь “Google”-ийн “Android” үйлдлийн системээр ажилладаг аж. Шинэ бүтээгдэхүүнийг онлайн худалдааны “JD.com” цахим хуудсаар дамжуулан худалдана гэж “HMD Global” компани мэдэгдлээ.

“HMD Global” компанийн мэдэгдэлд “дэлхийн өөр өөр зах зээлийн хэрэглэгчдийн бодит эрэлт хэрэгцээг хангахын тулд бид анхны “Android” ухаалаг гар утсаа Хятадын зах зээлд нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан ... Хятад бол стратегийн ач холбогдол бүхий зах зээл” гэжээ.

“Nokia” нь цагтаа гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч байсан ч ухаалаг гар утас гарч ирснээр байр сууриа алдсан билээ.

“HMD”-гийн захирал Арто Нуммела хэлэхдээ “манай компани ухаалаг гар утас үйлдвэрлэлийн салбарын гол тоглогчдын нэг болохыг зорьж байна” гэжээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тус компани салбарын гол тоглогчид болох Apple, Samsung болон бусад компанийн хатуу өрсөлдөөнтэй тулгарах нь гарцаагүй.

Энэ оны эхний хагаст “HMD” өөр олон шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ