Эцэг, эхийн болгоомжгүйгээс хүүхдийн амь эрсэджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-08 14:42:08

Баярын өдрүүдэд Өвөрхангай аймагт зам тээврийн осолтой холбоотой гурван хэрэг гарчээ. Уянга сумын Арбулаг гэх газар нэгэн иргэн замгүй огцом уруу газар мотоциклтой бууж яваад “нисэж” нас барсныг Цагдаагийн газар шалгаж байна.

Малчид малаа мориор биш мотоциклиор хариулдаг болсон, нутаг орноо мэддэг гэж бардан замгүй, бартаа саад ихтэй газраар явж байгаад мотоцикльтой унаж гэмтэх, амь насаа алдах тохиолдлууд гарч байгааг Тасгийн дарга С.Бямбасүрэн хэлсэн юм.

Мөн Аюуш баатрын талбайд 12 сарын 30-ны өдөр зохион байгуулсан “Мөнгөн өвөл” баярын арга хэмжээний үеэр цасан охин машинаас унаж бэртэл авсан байна. Тухайн машины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байснаас машины тэвшин дээр явсан өвлийн өвгөн, цасан охидыг сууж амжаагүй байхад хөдөлж улмаар нэг охин унаж гэмтжээ. Энэ тухай цагдаагийн дэд хурандаа С.Бямбасүрэн хэлэхдээ “Тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг цуваагаар явж байгаа үед шалгах эрх бидэнд байдаггүй. Харин цувааны ахлагч өөрөө шалгаад шаардлагатай үед бидэнд хандана. Хуульд тэгж заасан байдаг. Тухайн арга хэмжээгээр манайд гудамж, зам, талбайн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж өгөөч гэсэн хүсэлт тавьснаас цувааны жолооч нарыг шалгах хүсэлт тавиагүй” гэлээ.

Шинэ жилийн дараахан Баруунбаян-Улаан суманд хүүхдийн амь нас хохирсон хэрэг гарсан юм. Хашаандаа тоглож байсан 2 настай хүүхэд эцэг, эхийнхээ машинд суухыг хараад гүйж очин машины хаалга татах үед аав, ээж нь анзаараагүйн улмаас машин хөдөлж хүүхэд газар ойчин амиа алдсан байна.

Тус албанаас баярын өдрүүдэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон 12 иргэнийг ар гэрт нь хүргэн өгчээ. Иргэд баярын арга хэмжээнд оролцож машинаа жолоодох боломжгүй болсон бол Цагдаагийн газрын 7032102 утсанд дуудлага өгч, гэртээ хүргүүлэх боломжтой болохыг тус албанаас иргэдэд сурталчилсны дагуу 9 иргэн хандсан байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ