А.Ахматовагийн нэрийг Нобелийн шагналд дэвшүүлж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
adiyakhuu@montsame.mn
2017-01-06 16:07:22

СТОКГОЛЬМ./TASS/. Утга зохиолын салбарын Нобелийн шагналд Анна Ахматовагийн нэрийг 1966 онд дэвшүүлж байжээ. Үүнийг Шведийн академиас даваа гарагт олон нийтэд ил болгосон архивын материалууд нотолж байна. Тус академи нэр дэвшигчдийн талаар мэдээллийг 50 жилийн турш нууцалсан ажээ.

Оросын их яруу найрагчийн нэрийг Гётебергийн их сургуулийн славян хэлний тэнхмийн профессор Гуннар Якобсон, Харвардын их сургуулийн профессор Роман Якобсон нар  хамтран Нобелийн шагналд дэвшүүлж байсан аж. Гэвч А.Ахматова 1966 оны 3 дугаар сарын 5-нд нас барсан тул Нобелийн хороо түүний талаар хэлэлцээгүй байна.

Нийтэд ил болсон дээрх архивын баримтуудыг үзвэл, тухайн оны Нобелийн шагналд 72 хүнийг дэвшүүлж байжээ. Тэдний дотор Владимир Набоков, Константин Паустовский, Сэмюэл Беккет, Луи Арагон, Альберто Моравиа, Хорхе Луис Борхес, Пабло Неруда нарын зэрэг алдартай уран бүтээлчдийн нэрс байна.

Дашрамд дурдахад, А.Ахматовагийн нэрийг анх 1965 онд Нобелийн шагналд дэвшүүлж байжээ. Тухайн үед түүний уран бүтээл нь Шведийн академийн гишүүдэд төдийлөн гүн сэтгэгдэл төрүүлсэнгүй харин түүний хувь заяа тэдний анхаарлыг илүүтэй татаж байжээ.

Архивын баримтуудыг үзвэл, 1965 онд Шведийн академийн гишүүдийн ихэнх нь Михаил Шолоховт шагналыг олгох нь зүйтэй гэж үзэж байжээ. Түүнчлэн Шолохов, Ахматова хоёрт шагналыг хуваан олгоё гэсэн санал ч мөн гарч байсан гэнэ.

Б.Адъяахүү



 

 

Холбоотой мэдээ