О.Түмэнжаргал: Сум удирдах арга барилыг гэрийн боловсролоос олж авсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-05 22:50:45

О.Түмэнжаргал даргыг Нарийнтээл сумын Засаг дарга байх ахуйд хамгийн ойр дотно даргаар хэвлэлийн бид нэн тэрүүнд нэрлэдэг байлаа. Сонин хэвлэлийн захиалга, мэдээллийн бусад асуудлаар санал тавихад дуулгавартай бас хариуцлагатай хүлээн авч, шийдвэрлэж өгдөг учраас түүнийг “найдвартай” хүний нэгт оруулдаг байв. Мөн төрийн албандаа ч чадварлаг, туршлагатай болохыг Нарийнтээл сумын хөгжил, дэвшил харуулна.

Тэрбээр сумын Засаг даргын албаа өгч, аймгийн Статистикийн хэлтсийн даргаар ажиллаж эхлээд байгаа юм.

- Таныг Нарийнтээл сумын Засаг дарга гэдгээр олон хүн танина. Та энэ нутгийн унаган хүүхэд үү?

- Тиймээ, Нарийнтээл суманд төрсөн. Аав, ээж хоёр маань нэг нь хүний их эмч, нөгөө нь малын их эмчээр тус суманд томилогдон очиж байсан юм билээ. Манайх намайг 5 настай байхад Тарагт суманд шилжин ирж, 8-р ангид байхад аав Нарийнтээл сумын удирдлага болсноор буцаж очиж байсан.

- Таны аав Охинтогтох гуай Нарийнтээл сумыг олон жил удирдсан гэдэг. Хэдэн жил Засаг дарга байсан бэ?

- Аав маань бараг насаараа даргын ажилхийсэн. Нарийнтээл суманд малын эмчээр 4-5 жил ажилласан. Тэрнээс хойш Тарагт, Нарийнтээл сумын Засаг дарга, Орлогч дарга, Арвайхээрт Хөдөө аж ахуйн газрын дарга гээд олон жил ажилласан. Найз нөхөд олонтой, суманд ирсэн хүмүүсээс манайхаар орохгүй явдаг хүн гэж байхгүй. Дарга нар, аймгаас шалгалт шүүлгээр ирсэн хүн бүр ирж хононо. Би заримдаа “Аавыг дарга байх үед сумын төсвийн зарцуулалт их бага гардаг байсан байх. Ирсэн хүн бүрийг гэртээ хооллочихдог байсан юм чинь...” гэж боддог юм /инээв/.

- Та энэ сумыг удирдахад аавын үлгэр жишээ, үг сургааль их хэрэг болж байсан болов уу?

- Аав маань намаг сум удирдана гэж мэдээгүй л дээ. Намайг нам, улс төрийн ажилд оролцуулдаггүй, дургүй байдаг байсан юм. Аавыг өнгөрснөөс хойш 2 жилийн дараа сумынхаа дарга болсон. Аавынхаа байр байдал, хүмүүстэй харилцах харьцаа, ажиллах арга барилыг харж өссөн болохоор тэр хүмүүжлийг хэдийн олж авсан байсан. Нэг ёсондоо сум удирдах арга барилыг гэрийн боловсролоос олж авсан хэрэг юм. Хүний үлгэр дуурайлал гэдэг бусдад хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйл шүү дээ. Аав маань бидэнд “Өглөө эрт босч бай. Орой унтахдаа өнөөдөр юу хийснээ дүгнэж, маргаашийн ажлаа төлөвлөж бодож бай” гэж захьдаг байсан нь одоо миний баримтлах гол зарчим болж байна даа.

- Та сумын Засаг дарга байсан цөөхөн эмэгтэйчүүдийн нэг. Нарийнтээл сумын 8 жил удирдсан. Эмэгтэй хүн сум удирдах хэцүү юу?

- Эмэгтэй хүнд хэцүү. Яагаад гэхээр эмэгтэй хүн нарийн зүйлийг ч анзаардаг болохоор сэтгэл зүйн хувьд хүнд байдаг. Эрэгтэй хүн бол баргийн асуудалд хямраад байхгүй, жижиг сажиг зүйлийг тоохгүй, ерөнхий дөлийг нь хараад явдаг. Харин эмэгтэйчүүд том, жижиггүй бүх юманд сэтгэл зовж, бүгдийг зохицуулах гээд өөртөө их ачаалал өгдөг.

Заримыг нь чадсан ч бас чадахгүй ажил гарна. Тэр үед сэтгэл санаагаар унана. Уг нь би сэтгэлээр тийм ч амархан нугарах хүн биш л дээ. Гэсэн ч эмэгтэй хүн бүх юманд сэтгэл зовомтгой зан араншинтай болохоор хэцүү үе тохиодог л юм. Ялангуяа цаг завгүй ажиллах, ар гэрээ орхих, хөдөө гадаа явах нь эмэгтэй хүнд их хэцүү шүү.

- Таныг сум удирдах хугацаанд томоохон ямар ажлууд хийгдсэн бэ, “Түмэнжаргал даргын үед хийсэн юм” гэж ярих бүтээн байгуулалтууд олон бий болов уу?

- Манай суманд сүүлийн хэдэн жил бүтээн байгуулалтын нэлээн олон ажил хийсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хүн эмнэлэг, спорт заал, соёлын төв, багийн төвүүд баригдлаа. Улсын фондоо сэргээж, Улсын салбар нөөцийн цэг боллоо. Зохион байгуулалтын талаас ч зөндөөажил хийгдсэн. Ер нь чадлынхаа хэрээр л ажилласан. Гэхдээ хийж чадаагүй зөндөө ажил үлдсэн. Хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад хийчихмээр санагдсан ажлуудаа хийж чадаагүй. Дараагийн улсууд хийх байх. Сумын удирдлагууд нэгнийхээ залгамж халаа болоод л явдаг.

Би ч гэсэн урьд дарга нарынхаа бодож сэтгэж, төлөвлөж байсан, хийж чадалгүй үлдээсэн ажлуудыг гүйцээж байсан, миний чадаагүйг ч шинэ, залуу дарга нар гүйцээнэ гэж бодож байна.

- Таны ажилдаа баримтлах бодлого юу байв. Сумдуудад шинэ, залуу удирдлагууд олноор очиж байна. Тэдэнд хандан юуг захих вэ?

-Засаг дарга гэдэг бол хүнтэй харьцах л ажил юм. Аливаа ажлын цаана дандаа хүн байдаг. Би бүх хүнд адил тэгш үйлчлэхийг хичээж байсан. Ах дүү, найз нөхөд, намын байдлаар ялгаж байгаагүй. Хандаад орж ирсэн бүх хүний гуйсан, хүссэн ажил төрлийг болгохын төлөө явж байсан. Шинээр ажилд томилогдсон залуучуудыг ч гэсэн өөрийнхөө хүүхэд шиг санаж, тусалж дэмжихийг л хүсдэг байлаа. Үүний үр дүнд манай иргэд сэтгэл дундуур байгаагүй.

Улс төрийн энэ албан тушаалыг ашиглаж хувийн ашиг сонирхлоо өндөрт тавих, хэтэрхий улс төржих, бусдыг ямар нэг шалтгаанаар ялгаварлах үзлээс өөрийгөө ангид байлгах хэрэгтэй. Бүгдтэй адил тэгш харьцаж, хүн болгонтой ажиллаж чадвал сумын ажил бүтэмжтэй байна. Тэр олон хүний сэтгэл, зүтгэл нийлвэл сум аяндаа хөгжөөд л явчихна. Улс төрөөр талцах л хамгийн байж болохгүй асуудал.

- Суманд тулгамдсан асуудал юу байна вэ?

- Хог, нохой л хамгийн хэцүү асуудал байдаг. Хогонд зориулсан нэг ч төгрөг сумын төсөвт байдаггүй юм. Тэглээ гээд хогондоо дарагдаад байж болохгүй. Орчин тойрноо цэвэр байлгахын тулд хогоо цэвэрлэх л ёстой. Хийхийн тулд ямар нэг байдлаар зохицуулна.

Манай сум хогны машингүй байсан. Тэгээд өөрөө ачиж, буулгадаг хогны машинтай болж, дээр ньжолооч цалинжуулж, хогоо сард хоёр удаа тогтмол ачдаг болсон. Хогны машинтай боллоо гээд асуудал шийдэгдэхгүй. Жолоочид цалин өгөх, тухйн машинд засвар үйлчилгээ хийх гээд мөнгөний асуудал ургаад л ирнэ. Хогны хураамжжолоочийн цалинд яагаад ч хүрдэггүй, шатахуундаал таардаг. Зарим айл хоггүй гээд мөнгөө өгөхгүй эсвэл нууж энд тэнд асгана. Тэр болгонтой тэмцэхээс өөр аргагүй.Энэ мэтчилэн төсөв хүрэхгүй байгаагаас шалтгаалж тулгамдсан асуудал их гарч ирнэ.

- Та ажлаа өөрчлөөд аймагт Статистикийн хэлтсийн даргаар ирсэн байна. Энэ ажлаа танилцуулахгүй юу?

- Суманд байхад Засаг даргын хувьд статистик тоо баримтыг сумынхаа хэмжээнд гаргадаг байсан. Одоо аймгийн хэмжээнд гаргах нүсэр том ажил дээр ирээд байгаа. Ажил их, ачаалалтай байгаа ч сумын ажлыг бодвол нэг чиглэлийн салбар учраас харьцангүй гайгүй.

Бид тоо бүрийг бодит байлгахын төлөө хичээн ажиллаж байна. Статистик тоог хэрэглэдэг хүмүүс зөвхөн засаг захиргааныхан байдаггүй. Бүхий л салбарын ажилтан, албан хаагчид, аж ахуйн нэгжүүд, төсөл хөтөлбөрийнхөн статистик тоо баримтыг хэрэглэж байдаг. Энэ мэдээн дээр суурилж өөрийн байгууллагын ажлаа зохион байгуулдаг учраас манайх хариуцлагатай салбар юм.

Ирэх онд бид нэлээн өөрчлөлттэй ажиллана. Сумдаас гаргаж байгаа тоонд хяналт тавина. ААН, үйлдвэрлэгчдэд статистик тоо баримтын ач холбогдлыг ойлгуулж, хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл хүргэх тал дээр анхаарна. Одоо байгууллагууд нэг зүйл дээрөөр өөр тоо баримт ашиглаж, аль нь үнэн зөв болохыг мэдэхгүй байх байдал ажиглагдаж байна. Статистик гэж хэдэн тоо байдаг, тэрийг хэрэглэх хүн нь авдаг гэх ойлголтыг үгүйсгэж, иргэн бүр статистикийн ач холбогдлыг ойлгох, статисткаас өөр тоо хэрэглэхгүй хэмжээнд ажиллана гэж бодож байгаа.

- Удирдлага хүний хувьд нийгмийн зарим асуудалд шүүмжлэлтэй хандах үе байдаг байх. Тухайлбал...?

- Би өөрөө багш мэргэжилтэй. Тийм болохоор хүүхдүүдийн хүмүүжилд л их санаа зовох юм. Боловсролын байгууллага хүүхдийн хүмүүжил, сэтгэлгээнд хэмжүүр тавихаа больсон. Онц сурдаг, 100 оноо авдаг хүүхэд олон байвч тэдний хүн болж төлөвших байдал нь ихээхэн дутмаг байдаг. Сүүлийн үед Солонгос киног дуурайж, гоё утас барих, ганган дэгжин хувцаслах, дарга болох, том том машин унаж, эрх ямба, эд хөрөнгө булаацалдах шинжтэй болсон. Ер нь хүүхэд, залуучуудын сэтгэхүй их өөр болсонд эмзэглэж явдаг.

- Ярилцсанд баярлалаа

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ