Өвөрхангай аймаг малын тоогоор улсад дахин тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-05 22:43:29

Өвөрхангай аймгийн эдийн засгийн гол салбар болсон мал сүрэг өмнөх оноос 700 мянга орчим толгойгоор өсч, 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр улсдаа дахин тэргүүллээ.

Тус аймаг 2014 онд 4 сая 111 мянга, 515 толгой мал тоолуулж улсад 4-р байранд орж байсан бол 2015 онд малаа өмнөх оноос 400 мянган толгойгоор өсгөж 4 сая, 510 мянга, 986 толгой мал тоолуулан улсад тэргүүлсэн юм. 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 5 сая 208 мянга 600 толгой мал тоолуулан улсад тэргүүлсэн амжилтаа бататгалаа.

Нийт малын 45.7 хувийг хонь, 42.6 хувийг ямаа, 6.2 хувийг адуу, 5.0 хувийг үхэр, 0.5 хувийг тэмээ эзэлж байна. Мөн Богд сум 9 мянган толгой тэмээгээр, Хужирт сум 29.6 толгой адуугаар, Уянга сум 53.6 толгой үхрээр, Бүрд сум 206.7 зуун толгой хониор, Богд сум 279 мянган толгой ямаагаар тус тус аймагтаа тэргүүлжээ.

Нийт малын дүнгээр Богд сум хамгийн их буюу 398.7 толгой мал тоолуулсан байна. Мөн Баян-Өндөр сум 374 мянга 939, Баянгол 369 мянга 215, Бүрд сум 351 мянга 800, Уянга сум 338 мянга 920 толгой малыг тоолуулж дараах байруудыг эзлэсэн юм. 2016 онд аймгийн хэмжээгээр хонь 51.1, ямаа 36.2, адуу 6.2, үхэр 6.1, тэмээ 0.4  хувийн өсөлттэй байсан гэх судалгааг Статистикийн хэлтсээс гаргалаа.

Малчин өрхөөр авч үзвэл Баянгол сумын Цагаанбулангийн 3 дугаар багийн малчин Ч.Отгонбаатар 3390 толгой малаар тэргүүлж, 503 толгой тэмээгээр Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо 3 дугаар багийн малчин Н.Бямбадорж, 619 толгой адуугаар Хархорин сумын Шанхын 7 дугаар багийн малчин П.Отгонсүх, 561 толгой үхрээр Бат-Өлзий сумын Улаан-Ам буюу 1 дүгээр багийн малчин Ж.Пүрвээ,  2300 толгой хониор Сант сумын Царгийн 1 дүгээр багийн малчин Ч.Болоож, 1707 толгой ямаагаар Богд сумын Ялаатайн 6 дугаар багийн малчин Д.Мэндбаяр нар тус тус тэргүүлээд байна. 1000-аас дээш малтай өрх 700 гаруй байна.

Өвөрхангай аймагт нийт 18520 малтай өрх байгаагаас 15407 нь малчин өрх, 3113 нь мал бүхий өрх байгаа аж. Түүнчлэн 29993 малчин иргэн байгаагийн 14083 нь эмэгтэй бөгөөд 35-59 насны малчид 53 хувийг эзэлж байна.

 Б.Батчимэг

Холбоотой мэдээ