Эрхзүйн орчин бүрдсэнээр малын гаралтай бүтээгдэхүүний үнэ өснө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-04 16:43:56

Монгол Улс “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуультай болчихвол малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний  эрүүл ахуйн шаардлагыг хангах, худалдааны чөлөөт байдлыг дэмжинэ хэмээн салбарын яамнаас дүгнэж байна.

Мал амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийг УИХ-д  өргөн барьсан бөгөөд МАА-н салбарт гарах өөрчлөлтийн талаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Х.Алтангэрэл ийнхүү ярьж байна

“Худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт өвчний тархалт эдийн засагт нэлээн хохирол учруулж байгаа. Дээрх хуулийн төслийг баталчихвал Монгол Улс  олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн мал эмнэлгийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа сайжирч, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, үр ашиг дээшилнэ. Түүнчлэн малын гоц халдварт болон шимэгчлэх өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний зардлыг мал, амьтны эзэн хариуцдаг механизмыг бүрдүүлж, улсын төсвийн ачааллыг багасгана" гэлээ.

Ийнхүү хууль эрх зүйн орчин бүрдсэнээр олон улсын өндөр шалгууртай зах зээлд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг чөлөөтэй нийлүүлснээр түүхий эд, бүтээгдэхүүнээс олох орлого нэмэгдэж, малчдын амьжиргааны түвшин дээшлэх, экспортын хэмжээ өсөх юм байна. Ингэснээр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх боломж бүрдэнэ гэдгийг салбарын яамнаас тодотгов.


 Б.Заяа

Холбоотой мэдээ