Аймгийн Засаг дарга Хэнтийчүүддээ мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-30 15:56:47

Буурал түүхийн өлгий Хан Хэнтий нутгийн зон олон та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны халуун мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэнтэйгээ амжилт, ололт дүүрэн нэгэн оноо үдэж, шинэ оноо угтах торгон мөч ойртсоор байна.

 Өнгөрөн одож буй 2016 онд нутгийн олон минь надад итгэл хүлээлгэн аймгийн Засаг даргын бүрэн эрхийг олгосноор богино болон урт хугацааны бодлого, зорилтын хэрэгжүүлэх гарааны жил боллоо. Бид "Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2030" бодлогын баримт бичиг батлуулсан анхны аймаг болж, байгальд ээлтэй аймаг болох уриа дэвшүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн Халхын IX богд Жавзандамбын тодруулсан Жонангийн ёсны 14 их хамбын нэг “Жонан Ханчэн” гэгээн Өмнөдэлгэр сумаас тодорсон нь та бидний төдийгүй Хэнтий нутгийн минь ард түмний буян заяа өөдөө байгааг харууллаа. ХХАА-н сайдын зөвлөлөөр Галшар омгийн адууг үүлдэр болгон баталгаажуулж, Монгол улсд төдийгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдлөө. Мөн бүтээн байгуулалтын салбарт ч чамгүй амжилт гаргалаа. Цаашид ч хийх ажлуудын эхлэл тавигдсан жил боллоо.

 Үндэсний лаборатори Хэрлэн нэгдүгээр сургуулийн 928 хүүхдийн шинэ байр ашиглалтанд орж, чанар стандартын шаардлага хангасан цэвэр тохилог байрандаа хүүхдүүд маань хичээллэж байна. Саяхан шинэ оны босгон дээр ТОСК-ийн эхний ээлжийн 120 айлын орон сууц ашиглалтанд орлоо. Тун удахгүй бид эмнэлгийн шинэ байр, чуулгын байраа хүлээн авна. Бид энэ оныхоо төсвийн орлогыг 100 хувь биелүүлж, жилийн эцсийн урьчилсан мэдээгээр нэг ч төгрөгний өргүй гарлаа. Сумдаас ирж байгаа мал тооллогын мэдээгээр мал сүрэг минь 5 төрөлдөө өссөн дүн харагдаж байна. Мөн олон жилийн турш хуримтлагдаад байсан Монголросцветмет ХХК-иас авах ёстой татварын болон нийгмийн даатгалын 7 тэрбум гаруй төгрөгний авлагын асуудал шийдэгдэж, сар бүр тодорхой хувиар төлж барагдуулах тохиролцоонд хүрлээ.

 Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн удирдлагууд 18 сум 5 тосгонд ажиллаж, малчдынхаа амьдрал ахуйтай танилцлаа. Засаг даргын зүгээс өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдад туслах уриалга гаргасны дагуу төрийн болон төрийн бус байгууллага ААН, иргэдийн маань халуун сэтгэлийн хандивын аян үргэлжилсээр байна. Мичин жилийн өвөл хатуу гэж ярилцдаг ч та бид хамдаа хахир өвлийг мэнд давж, урин дулаан хавартай учран золгоно гэдэгт итгэл дүүрэн байна.

 Ирж буй шинэ онд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэж, шинээр хийх ажлынхаа эхлэлийг зөв тавьж, Та бидний хамтын ажил улам өөдрөг бүтэмжтэй байх болтугай. Хэнтий аймгийн минь хөгжил дэвшил Та бүхний хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой гэдгийг дахин дахин хэлмээр байна.

 Ирж буй 2017 онд Хэнтийчүүд маань хувь ерөөл тэгш, хөдөлмөр бүтээл арвин, түвшин жаргалтай, дүүрэн баяртай байх болтугай.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАВААНСАМДАНГИЙН ГАНБЯМБА

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ