Сирийн дайныг зогсоохыг Ромын пап уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-12-26 14:13:16

ВАТИКАН. /Reuters/. Сири дэх байлдааны ажиллагааг дуусгавар болгохыг Ромын пап Франциск Зул сарын баярын өдөр буюу өчигдөр үг хэлэх үеэрээ уриалаад “тэнд дэндүү их цус урслаа” гэжээ.

Мөн тэрбээр үзэн ядаж, өс хонзон санахаа зогсоохыг палестинчууд болон израильчуудад уриалсан байна.

Ромын пап Гэгээн Петерийн талбайд католик шашны хэдэн арван мянган сүсэгтний өмнө үг хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Германы нийслэл Берлин хотод ачааны машинаар олон хүнийг дайран хөнөөсөн хэрэг гарсантай холбоотойгоор тус талбайн орчимд хамгаалалтыг чангатгасан байв. Ромын пап уг халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн залбирал үйлджээ.

Сирийн тухайд тэрбээр хэлэхдээ “таван жилийн турш үргэлжилж буй иргэний дайныг зогсоохын тулд олон улсын хамтын нийгэмлэг идэвхтэй яриа хэлэлцээ хийж, дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ