В.Путин: ВАДА-гийн мэдээлэгч Г.Родченков Орост сэргээш оруулж ирсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2016-12-24 14:16:43

МОСКВА./BBC/. Москва хотын Сэргээшийн шинжилгээний лабораторийн захирлаар ажиллаж байсан Григорий Родченковын өгсөн мэдүүлэгт үндэслэн Олон улсын Сэргээшийн эсрэг агентлаг /ВАДА/ Оросын тамирчдыг сэргээш хэрэглэсэнд буруутгасан гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.

Родченков Канадад ажиллаж байсан бөгөөд АНУ-аар дамжуулан “бузар муу зүйлийг Орост зөөж авчирсан” гэж Путин хэлжээ.

Жил бүр болдог В.Путины хэвлэлийн бага хурлын үеэр “Советский спорт” сонины сэтгүүлч Олон улсын Сэргээшийн эсрэг агентлагийн /ВАДА/ шийдвэрийн талаар Путинээс асуусан байна.

“Сэргээш хэрэглэхийг төрийн зүгээс дэмжсэн тийм явдал Орост огт байхгүй, ер нь бол сэргээшийн асуудал аль ч улс оронд байдаг” гэж Путин хариулсан байна. Орос улс ямар учраас сэргээштэй холбоотой дуулианд холбогдсон талаар тэрбээр хэлэхдээ “ВАДА-гийн мөрдөн шалгалт нь хилийн чанадад зугтан гарсан мэдээлэгчдийн мэдүүлэгт үндэслэсэн” гэжээ.

Г.Родченков 1985-1994 онд Москвагийн Сэргээшийн шинжилгээний төвд ажиллаж байгаад 1998 оноос Канадын Калгари хотын Сэргээшийн шинжилгээний төвд ажиллах болсон байна.

Орост буцаж ирснийхээ дараа тэрбээр хэд хэдэн нефть-хийн компанид ажиллаж байгаад 2006 оноос "Антидопинговый центр" төвийн даргын албыг хашиж байжээ.

2016 оны 5 дугаар сард Америкийн кино найруулагч Брайан Фогелийн хийж байсан сэргээшийн тухай баримтат кинонд зориулан Родченков ярилцлага өгөхдөө, хориотой бодисуудын найруулан, Сочигийн Олимпт оролцож байсан Оросын тамирчдын сэргээшийн шинжилгээний сорьцыг өөр сорьцоор сольж тавихад оролцож байжээ.

Чухамхүү Родченков “Оросын тусгай албаныхан сорьцуудыг сольж тавихад оролцсон” тухай яриаг хамгийн анх дэгдээсэн хүн гэнэ. Үүнээс үүдэн Р.Макларены тэргүүлсэн ВАДА-гийн тусгай комиссын тайланд оросуудтай холбоотой сэргээшийн луйврын талаар дурдсан байна.

Б.Адъяахүү  

 

Холбоотой мэдээ