Сүүлийн дөрвөн жилд 6700 гадаадын иргэнийг албадан гаргасан гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Гишүүд үргэлжлүүлэн асуулт асууж, саналаа хэлсэн. Тухайлбал өнөөдрийн хуралдааныг даргалж байгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Гадаадын иргэн, харьяатын газарт шилжиж очсон хилийн цэргийн 400 орчим хүний цэргийн байгууллагад ажилласан он жил тасарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг Ажлын хэсгээс асуухад Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн “Хил хамгаалах байгууллагаас Гадаадын иргэн, иргэний харьяатын байгууллагад шилжсэн 400 орчим хүн байдаг. Энэ хүмүүс хилийн цэрэгт шилжиж ирэхээр болвол хийж байгаа ажил өөрчлөгдөхгүй. Тухайн ажлаа хийнэ. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр буцаад ирэх юм бол цэргийн цолыг нь сэргээж өгөх эрх зүйн үндэслэлтэй. Шилжсэн иргэдийн дунд хилийн цэргийн дээд сургууль, хилийн цэргийн шалган нэвтрүүлэхээр төгссөн офицерууд байсан юм. Асуудлыг шийдэж болно” гэж хариулав. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Гишүүдэд мэдээлэл өгмөөр байна. Хилийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын байгууллагад очсоноор олон улсын стандартад нийцсэн юм. Гадаадын иргэд манай хилээр нэвтрэхдээ цэргийн хувцастай хүмүүст паспортоо шалгуулдаг байхад цэргийн дэглэмт улсад ирж байна гэсэн ойлголт төрдөг байсан. Үүнийг өөрчилсөн байсан. Түүнээс гадна мэдээлэл сайжирч, хяналт чангарснаар визны хугацаа хэтэрсэн хүмүүсийг албадан гаргах ажиллагаа маш их идэвхжсэн. 1990 оноос хойш 10 гаруй гадаадын иргэнийг албадан гаргасны 6000 гаруй нь сүүлийн гурван жилийн дотор байсан. Хилийн цэргээс шилжиж ирсэн 400 гаруй албан хаагч иргэний харьяат дээр ирсэн ч өмнөх ажлаа л хийж байсан. Харин ч сургалтад хамрагдаж, ажил нь сайжирсан” гэв.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “2007-2012 онд намайг энэ байгууллагыг даргалж байхад нийт 9761 хүн гарсан байдаг. Үүнээс өмнө бол 10-20 орчим, зарим жилд 2 ч хүн гаргасан тохиолдол байсан. 2012-2016 онд 6700 хүн албадан гаргасан. Энэ нь Гадаадын иргэн, харьяатын байгууллагын статусыг дээшлүүлж, албадан гаргах шийдвэрийг бие даан гаргадаг болсонтой холбоотой” гэсэн юм.
Ингээд гишүүд асуулт асууж дууссаны дараа зарчмын зөрүүтэй 38, уг хуулийн төслийг дагалдуулж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй 2 саналын томьёоллоор санал хураалгаж байна. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсгээс дээрх саналыг гаргаад байгаа юм.
Н.Туяа