Ц.Мөнхнасан: Хэрэглэгч биш үйлдвэрлэгч аймаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-12-20 15:49:14

Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасантай ярилцлаа.

- Ц.Мөнхнасан даргын үед аймаг маань яаж хөгжих вэ? Үе үеийн Засаг дарга нар аймгаа хөгжүүлэх өөрийн гэсэн имижтэй байдаг?

- Үе үеийн Засаг дарга нарт өөр өөрийн өнгө төрх гэж байна л даа. Миний хувьд гол барьж байгаа бодлого нь иргэдийг орлоготой болгох. 2017 онд орон нутгийн хөгжлийн сан мөнгө багатай, 500-хан сая төгрөг байгаа. Энэ мөнгөнөөс иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх үүднээс түрээс багатай худалдааны төв барина. Тэндээ “Архангайд үйлдвэрлэв” гэсэн хаягтай бүтээгдэхүүн борлуулах зорилттой. Орлоготой болохын тулд өөрт байгаа зүйлээсээ эхэлнэ. Жишээ нь арьс шир, ноос ноолуур, мах сүүгээ боловсруулна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч “Мах, сүүний аян” гэсэн хөтөлбөр орсон байгаа. Энэ хөтөлбөрт манай аймаг давуу оролцоно гэдгээ сайдад хэлсэн.

- Төрийн албанд залгамж халаа гэж байдаг. Өмнөх дарга нарын хийж хэрэгжүүлж байсан ажлыг хэрхэн авч явах вэ. Жишээлбэл Архангай аймаг “Ногоон хөгжлийн аймаг” болно гэсэн зорилттой байсан?

 -Төрийн ажил өнөөдөр, маргааш, өчигдөртэйгээ залгамж болон явдаг. Өмнө хийж, болж байсан зүйлүүд хийгдээд явна. Архангай аймгийн тэргүүлэгч салбар мал аж ахуй. Дараа нь аялал жуулчлал орно байх. Бид ийм чиглэл барьж байгаа.

-Үе үеийн Засаг дарга нар өөрсдийнхөө мэргэжлийн дагуух үйл ажиллагаанд илүү анхаараад байх шиг байдаг. Та хөдөө аж ахуйн хүн. Тэгэхлээр Архангай аймаг энэ салбар руу анхаарлаа илүү хандуулах уу?

-Анхны хурал дээрч хэлж байсан. Аймгийн Засаг дарга, хурлын дарга хоёр хоёулаа мал аж ахуйн мэргэжилтэй. Тэгэхлээр энэ чиглэлээр нилээд ажил хийхээр төлөвлөж байна. Өмнө ч гэсэн миний яриад байгаа зүйлүүд мал аж ахуйтай холбоотой. Одоогоор бид хөдөө аж ахуйн менежмент гэдэг зүйлийг орхичихоод байна. Хамгийн ойроор ярихад МАА-н салбар байна. Өвөлжилт, хаваржилтандаа бэлтгэж байна, төлөө хүлээж авч байна. Бүтэн циклээрээ. Мал аж ахуйгаас авч байгаа бүтээгдхүүнээ хэрхэн боловсруулах вэ, хэрхэн махаа үйлдвэрлэх юм бэ. Нэг малчныд очиход л тав зургаан жил нэг эр хонийг харж, хариулаад байдаг. Тэгэхлээр бид сүргийн бүтцээ өөрчилж, эргэлт хийх хэрэгтэй. Бас малын чанарын асуудал яригдана. Нэг сайн хуц, ухна авчирлаа гэхэд дараа жил нь хоёр хурга өгөөч гэсэнд нь өгсөөр байгаад тэр голынхонд тэр чигээрээ тарна. Тэгэхлээр бид малын чанарын асуудлыг мэргэжлийн чиглэлд хандуулна. Хувийн хэвшлийнхнээ ч дэмжинэ. Энэ нь өөрөө эдийн засгийнхаа хувьд эргэлт болоод тэр аж ахуй ч хөл дээрээ тогтоод, малчидтайгаа гэрээ хйигээд, малын үүлдвэр угсааг сайжруулах асуудлыг аваад явчихна гэж бодож байгаа. Эхний ээлжинд нэг хоёр суман дээр туршиж, жишиг болохуйцаар аваад явъя гэсэн зорилго байгаа. Ингээд нийт утгаараа Архангай аймгийн мал аж ахуйн менежмент ХАА-н менежмент яаж явах юм бэ гэдэг асуудал гарна. Наад зах нь тэжээл үйлдвэрлэх хэрэгтэй. Малаа яаж бордох юм бэ. Бид бордооны цех байгуулна гэж төлөвлөж байгаа. Өнөөдөр Архангай аймагт хоёр махны үйлдвар барихаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан. Хөрөнгө оруулагчдаа татах хэрэгтэй байгаа. Арьс шир боловсруулах үйлдвэр ч байгуулна. Тэгэхээр ер нь хөдөө аж ахуйн чиглэлд анхаарч ажиллана гэж ойлгож болно.

-Өөрийнхөө намтрыг танилцуулаач?

 -Би 1975 онд Булган суманд төрсөн. Сумандаа бага сургуульд сурч байгаад Тариатад 10-р анги төгссөн. Хөдөө аж ахуйг мэргэжлийг сонгоод ХААИС-д орсон. Хуучнаар бол зоо, одоогоор бол мал зүйч мэргэжилтэй. 1996 онд их сургуулиа төгсөөд 2001 он хүртэл хувиараа бизнес эрхэлж байгаад 2001 оноос аймгийн ХААГ-ын мал үржлийн албанд орж ажилласан. Тэгээд мал үржлийн албаны дарга, ХААГ-ын дарга хийж байлаа. 2004 оноос улс төрд орсон. Аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдлоо. Энэ хугцаанд Удирдалгын академийг төрийн удирдлагын чиглэлээр 2007 онд төгссөн. Мөн Хөдөө аж ахуйн ухааны магистрын зэргийг “Архангай аймгийн мал аж ахуйн менежмент” гэдэг сэдвээр хамгаалсан.

-Үйлдвэрлэгч аймаг болно гэсэн. Хэрхэн яаж  үйлдвэрлэгч аймаг болох вэ? Энэ талаар тодруулаач?

-Юуны өмнө бид бизнес эрхэлж байгаа хүмүүсийн бизнесийг төр булааж авдгийг болих хэрэгтэй. Өнөөдөр хэдийгээр хөрөнгө мөнгө багатай байгаа ч Архангай аймагт хийж хэрэгжүүлэх ажлыг Архангайхнаар хийлгэх зорилготой байгаа. Энэ хэмжээгээр иргэд маань тодорхой хэмжээгээр хуримтлалтай болно. Тэр хэмжээгээр цаашаа үйлдвэрлэл явуулах нөхцөл нь бүрдэнэ гэж үзэж байгаа. Дээр хэлсэн бодлогын чанартай үйлдвэрлэлийг дэмжиж өгнө. Сумдад хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цех байгуулна. Аймагт бол үйлдвэрүүд барина. Ер нь иргэдээ дэмжиж ажиллана гэсэн үг. Японоос гэхэд л хуурай сүү боловсруулах цех оруулж ирнэ. Тэр болгонд төр оролцохгүй. Сумандаа тэр цехийг аваад явчих хэн байна, тэрийг нь төр дэмжиж ажиллана. Энэ мэтчлэн чаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил бий. Дээр худалдааны төв барина гэж ярьсан шүү дээ. Энэ маань зураг төсвөө хийгээд ирэхээр тодорхой болох байх. Бидний төлөвлөж буйгаар хоёр давхар байх болов уу. Дээрээ үйлдвэрлэл явагддаг, доороо худалдаа үйлчилгээтэй. Бага түрээстэй эсвэл өөрсдөд нь хувьчлаад өгчих ч юм уу. Нэг зүйл нэгдэхгүй, бага ч гэлээ шат шат ахисаар яваад дөрвөн жилийн дараа тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.  

Л.Булган

 

Холбоотой мэдээ