Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны  судалгааны баг Монгол Улсад ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-12-20 15:35:52

Манай улсын хувьд анхны Чөлөөт худалдааны хэлэлцээр болох Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ энэ оны 6 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр болсон.

Тус хэлэлцээрийн хүрээнд хоёр орны худалдааг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх хүрээнд Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны судалгааны баг энэ оны 10 дугаар сараас эхлэн манай улсад ажиллав.

Японы Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү судалгаа нь Монгол Улсаас Япон Улсад экспортлох бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэхэд шууд нөлөөлөхүйц хамтын ажиллагааны арга хэлбэрийг тодорхойлж, Монгол Улсын гол нэрийн бүтээгдэхүүн дундаас Японд экспортлох боломжтой бүтээгдэхүүнүүдийг сонгож, түүхий эдийн үйлдвэрлэл, нийлүүлэлтээс чанарын хяналт, тээвэрлэлт, зах зээлд шинээр гаргах хүртэлх шатлал тус бүрд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд манай хоёр орон үйлдвэрлэл болон технологийн тал дээр ямар байдлаар хамтран ажиллах боломжтойг судлах зорилготой юм байна.

Японы тал энэ оны 10 дугаар сард Монголын ноос, ноолуурын салбар, 12 дугаар сард чацаргана, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт судалгаа хийгээд байна. Энэ ажлын дүнг танилцуулах уулзалтыг ирэх оны 2 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, манай хувийн хэвшлийнхэнд танилцуулахаар төлөвлөж байна гэж ГХЯ-наас мэдээллэв.

Холбоотой мэдээ