Уурхайн цоорхойд унаж осолдох нь нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-14 16:27:14

Сүүлийн үед хөдөө орон нутгийн уурхайн нүх, цоорхойд осолдож амиа алдах явдал нэмэгдэв.

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алтны уурхайн хиймэл нууранд нэг хүн осолдож амиа алдсан. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Түнхэл” багийн Гачууртын алтны уурхайн сахиулаар ажилладаг иргэн 57 настай, эрэгтэй Г нь сураггүй алга болсныг эрэн хайсаар голын усанд осолдож нас барсныг олжээ.

Талийгаач нь  энэ сарын 09-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гарч уурхайн нэгдүгээр пост руу явна гээд сураггүй болжээ. Улмаар гэртээ эргэж ирэлгүй 3 хоносон тул эрэн хайх дуудлагыг Онцгой байдлын газарт өгчээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн зургаан алба хаагч, нэг автомашин, цагдаагийн 8 албан хаагч, нэг автомашин, нийт 14 албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр удтал эрж хайсны эцэст Түнхэл багийн Гацуурт голын эрэг дээрээс цогцсыг нь олжээ. Цагдаагийн байгууллага гадны нөлөөтэй нас барсан эсэхийг шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ