В.Путины айлчлалын хөтөлбөрийг Японы ГХЯ танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-12-13 16:04:31

ТОКИО./TASS/. Өнөөдөр Японы ГХЯ-наас тус улсад хийх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын хөтөлбөрийг албан ёсоор танилцууллаа.

Оросын Ерөнхийлөгч 15-ны өдрийн үдээс хойш Хоншю арлын баруун өмнөд хэсэгт орших Ямагучи мужийн нисэх онгоцны буудалд буусныхаа дараа Нагато хотноо Ерөнхий сайд Шинзо Абэ-тай уулзалт хийх ажээ.

16-ны өдөр В.Путин Токио хотод хүрэлцэн ирж, Шинзо Абэ-тэй хэлэлцээгээ үргэлжлүүлэх бөгөөд үүний дараа тэд хамтран хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ.

Хэвлэлийн хурлын дараа Ерөнхийлөгч В.Путин “Орос-Японы бизнесийн чуулга уулзалт”-ад оролцох юм. Уг уулзалтыг Японы бизнесийн холбоо /Кэйданрэн/ ба Оросын бизнес эрхлэгчдийн нэгдэл зохион байгуулна.

Мөн өдөр В.Путин, Ш.Абэ нар жүдогийн удирдах дээд байгууллага болох Кодоканы хүрээлэнд зочлох ажээ. Үүгээр Оросын Ерөнхийлөгчийн айлчлал дуусна гэж Японы ГХЯ-ны мэдэгдэлд дурдсан байна.

Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида хэлэхдээ “хоёр орны харилцаанд хүнд хэцүү асуудал бий, түүнийг нэг удаагийн уулзалтаар шийдэх боломжгүй. Алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Энэ асуудлыг бидний үеийнхэн амьдарч буй энэ цаг үед шийдээсэй гэж хүсэх байна” гэжээ.

Х.Сарнай  

Холбоотой мэдээ