Боомтын үйл ажиллагааг сайжруулах үүднээс хураамж нэмсэн гэсэн тайлбар өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭГадаад харилцааны яамны сар бүр хийдэг "Мэдээллийн цаг"-аар урд хөрштэй хиллэдэг боомтууд дээр үйлчилгээний хураамжаа нэмэгдүүлсэн, мөн шинээр бий болгосон асуудлаар Хилийн хэлтсийн дарга Д.Ганболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр ярианыхаа эхэнд энэхүү мэдээллийг албан ёсоор өгөөгүй, өөрсдөө сурвалжилж олсон мэдээлэл гэдгийг тодотгосны зэрэгцээ зарим боомтын нэрийг сольж бичсэн тохиолдол гарч байгаа учраас асуудлыг тодотгох үүднээс мэдээллийг дахин өгч байгаа гэдгээ хэллээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжил, шинэчлэлийн хороо, Боомтын захиргаанаас өнгөрсөн сарын 4-нд захирамж гаргаж зарим боомтынхоо дэд бүтэц ашиглалтын төлбөр хураамжийг шинэчлэн тогтоосон. Уг захирамжинд:
“Хоёр. Боомтын дэд бүтэц ашиглалтын төлбөр хураамжийн стандарт: Манжуур хот, Эрээн хот болон Ганцмод боомтод хилээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний тонн тутамд 8 юань, хуурай замын боомтын хилээр нэвтэрч буй автомашин бүрт 10 юанийн хураамж тус тус ноогдуулна. Сэхэ, Зүүнхатавч, Хэйшаньтоу, Шивэй зэрэг боомтод болон шинээр нээх боомтуудад нэгдсэн байдлаар хилээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний тонн тутамд 5 юань, хуурай замын боомтын хилээр нэвтэрч буй автомашин бүрт 10 юанийн хураамж тус тус ноогдуулна. Бараа бүтээгдэхүүний 1 тонн нь 10 мянган юаниас дээш үнэтэй өнгөт метал /зэсийн баяжмал/-аас экспорт, импортын барааны үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний хураамж авах бөгөөд тухайн аймаг, хот бодит нөхцөл байдалд тулгуурлан хураамжийн үнийг тодорхой хэмжээгээр багасгаж болно. Сэхэ боомтод ӨЗО-ноос нэгэнт бууруулахаар тогтоосон хураамж авах стандарт болон хугацааны хязгаарыг үргэлжлүүлэн мөрдөнө” гэжээ. Дээрх захирамжийг үндэслэн Ганцмод боомт харъяалагддаг ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн Урдын дунд хошууны Ардын Засгийн газраас өнгөрсөн сарын 22-нд журам гаргаж гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүддээ мэдэгдэл хүргүүлсэн юм. Өөрөөр хэлбэл Хөгжил, шинэчлэлийн хороо, Боомтын захиргаанаас гаргасан захирамжийг хэрэгжүүлэх шийдвэрийг Урдын дунд хошууны Ардын Засгийн газраас гаргасан аж.
Энэ талаар ӨМӨЗО-ны Боомтын захиргааны газраас тодруулахад “Тус ӨЗО-ны Ардын засгийн газраас жил бүр боомтуудын үйл ажиллагаа явуулахад зориулж 600 сая юанийг зарцуулдаг бөгөөд боомтын хөгжлийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан. Мөн зарим боомт дээр тухайн орон нутгийн захиргаанаас шийдвэр гарган хэмжээ тогтоож хураамж авч байсныг нэгтгэн журамлах ач холбогдолтой” гэсэн тайлбар өгсөн байна.
Энэ үеэр хураамж нэмсэн асуудлаар урд хөршөөс урьдчилан яагаад мэдэгдээгүй, мэдэгдэх ёстой эсэх дээр сэтгүүлчид тайлбар хүссэн. Эл асуултад Хилийн хэлтсийн дарга Д.Ганболд, "Эл асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй. Монгол Улс, БНХАУ нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Гишүүн орнуудын хувьд хүлээх эрх үүрэг нь олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдана. Тиймээс энэ асуудал хууль, эрх зүйн хүрээнд яригдана" гэсэн хариу өглөө.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ