Дилов хутагтын лагшин биеийн адистад их шүтээн төрсөн нутагтаа заларлаа

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-12-09 16:24:19

Өнөөдөр Завхан аймагт Дилов хутагт Жамсранжавын чандар буюу лагшин биеийн адистад их шүтээнийг залах хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

Адистад их шүтээнийг төрсөн нутагт нь залах ёслолд Жалханз хутагт, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Б.Алтангэрэл, Их шүтээнийг хадгалан хамгаалж байсан Дилов хутагтын шавийн төрсөн хүүхэд АНУ-ын иргэн Гямчо Пальжи, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ахлах референт Д.Ууганбаатар, Дилов хутагт хөгжил сангийн тэргүүн А.Батцэнгэл болон аймгийн удирдлагууд бусад албаны хүмүүс оролцлоо.

Дилов хутагтын чандар буюу лагшин биеийн адистад их шүтээнийг Завхан аймгийн төв Улиастай хотыг нар зөв гурав гороолон аймгийн ЗДТГ-т байрлах есөн хөлт цагаан тугны өмнө залж их шүтээнээс аймгийн удирдлагууд болон төрийн байгууллагын ажилчид адис авлаа. Түүний дараа адистад их шүтээнийг Төгс буянт Жавхлант хийдэд сэмбэрэмтэй угтан авч мандал өргөн сүсэгтэн олон хүндэтгэл үзүүлж адис авлаа. Сүсэгтэн олны адис авах үйл ажиллагаа мандал өргөх ёслолыг өндөрлөж Завхан аймгийн Алдартнуудын музейн Хутагтуудын танхимд адистад их шүтээнийг хүндэтгэлтэйгээр залах юм. Цаашид их шүтээн энэхүү тусгайлан зассан их танхимд заларна. Ийнхүү Башлуу овогт Дилов хутагт Жамсранжавын чандар буюу лагшин биеийн адистад их шүтээн 51  жилийн дараа төрсөн нутагтаа заларлаа.

Дилов хутагт Жамсранжав гэж хэн бэ?

Дилов хутагт Жамсранжав өөрийн намтраа дэлгэрэнгүй бичиж үлдээсэн байдаг бөгөөд тэрээр эцэг Башлуугийн 67, эх Гимбээгийнхээ 48 насан дээр одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Ойгон нуурын хөвөө Баян-Айраг уулын өвөрт мэндэлжээ. Түүнийг таван настай байхад нь Диловын тавдугаар хойд дүрээр тодруулж, Шилүүстэй сумын Нарованчин хийдэд залсан байна. Дилов хутагт эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монгол зоныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эх оронч, улс төрийн зүтгэлтэн байжээ. Тэрээр 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг бөгөөд 1960 онд Монгол Улсыг НҮБ-д элсэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. “Монгол Улс тусгаар тогтносон улс гүрний адил НҮБ-д бие даасан гишүүн байж болно “ хэмээн Чан Кайшигээр хүлээн зөвшөөрүүлж чадсан гавьяатай.  НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хуралдааны танхимын арын эгнээнд нэгэн хижээл монгол эр уйлж суусан нь мөнөөхөн Дилов хутагт бөлгөө.

Дилов хутагт 1965 оны дөрөвдүгээр сарын 7-нд алс холын Нью-Йорк хотноо бурханы хутгийг олжээ.Түүнийг тэнгэрт халихад хойдын буяны номыг 14 дүгээр Далай лам уншиж байв. Хутагт Лхаст гурван жил болохдоо Далай ламын гэрийн багш байж. Багшийн ачийг ийн санах нь хүмүүний ёсон билээ. “Чандрын нэг хэсгийг буддын ариун дагшин орон Энэтхэгт цацаж, Нөгөөг нь төрсөн эх орон Монголд нь хүргэх аятай цагийг хүлээв гэж түүхэнд өгүүлсэн байдаг. Тэрхүү аятай цаг ийнхүү иржээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ