Гаалийн тариф, татвартай холбоотой хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр хуралдаж Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд ГХЯ болон ГЕГ-аас ажлын хэсэг оролцож, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баделхан, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, санал хэлэв. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны жишгээр аж ахуйн нэгжүүд нэн тааламжтай нөхцөлд хамрах бол барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг гаргах шаардлагатай эсэхэд товч, тодорхой хариулт өгөөч. Учир нь тодорхойгүй нөхцөл байдлын улмаас аж ахуйн нэгжүүдэд гаалийн байцаагчийн зүгээс дарамт ирэх эрсдлээс болгоомжилж байна" гэлээ. Ажлын хэсгийн зүгээс нэн тааламжтай нөхцөлд хамрах бол мэдүүлэгч нь барааны гарал үүслийг нотлох баримт бичиг шаардахгүй гэж хариулав.
Мөн хуулийн төслийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Нэн тааламжтай болон хөнгөлөлтөд хамрахын тулд мэдүүлэг гаргагч нь барааны гарал үүслийн нотлох баримт бичгийг гаалийн байгууллагад гаргаж өгнө” гэж өөрчлөх саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.
Ингээд уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Н.Туяа