Завханы долоон сум цагаан зудын байдалд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-09 11:05:07

Монгол Улсын Засгийн газрын 286-р тогтоолын зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр  Завханы  долоон сум цагаан зудын байдалд байна.

Тухайлбал Баянтэс сумын бүх багт, Тэс сумын  Баян-уул Нисэг баг, Баянхайрхан сумын Төөнт, Минж баг, Асгат сумын Аргалант баг хэсэгчлэн,  Тосонцэнгэл сумын Идэр,Оргих, Их-уул сумын Үржил, Хуягт багт цасны дундаж зузаан үзүүлэлтээр 22-35 см байгаа нь цагаан зудын байдалд шилжсэн нөхцөл байдал үүссэн байна. 

Баянтэс, Тэс, Баянхайрхан сумын уулархаг бүс нутгийн зарим хэсгээр уулын ар, гуу жалганд мөсөн зайрмаг, давхарга үүссэн,  уулын хөндийн хэсгээр цас хөрлөж хатуурсан, хөрний зузаан 2-8 см байна.  Агаарын хоногийн хамгийн бага температур энэ сарын 18-23 хүртэлх хугацаанд  хүйтэрч Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө 40-44 градус, буюу Баянтэсд -44, Тосонцэнгэлд – 42,  Их-уулд -43, Тэсд -41,  Түдэвтэйд -40 градус хүрч хүйтэрсэн  байна. Цаашид  энэ оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2 дугаар сард аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу цастай, 12 дугаар сард нутгийн хойд хэсгээр, 1,2 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх  төлөвтэй  байгаа тул  мал өвөлжилт, хаваржилт  хүндрэх нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгааг аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний газраас онцгой анхаарууллаа.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ