Айраг, Хяргас нуурын загасны нөөцийг тогтоож, агнуур хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-08 10:08:03

Увс аймгийн Завхан суманд орших Айраг, Хяргас нуураас үйлдвэрлэлийн болон ахуйн журмаар загас ихээр олборлодог юм.

Жилдээ дунджаар 60-70 тн загас олборлодог бөгөөд энэ хэрээр сум орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний орлого бүрдэж, иргэдийн амьдралд ч хувь нэмэр болдог байна. Гэвч өнгөрсөн жил их хэмжээгээр загас барьж чадаагүй аж. Учир нь тус нууруудын загасны нөөц тогтоогдоогүй учраас Байгаль орчны яамнаас зөвшөөрөл олгоогүй байна. Энэ жилээс загас агнуурын ажлыг явуулахын тулд Айраг, Хяргас нуурын загасны нөөц тогтоолгох, Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авах асуудлыг Завхан сумын ЗДТГ болон аймгийн захиргаанаас хөөцөлдөж байна. 

Одоогоор Айраг нуур хөлдчихсөн, Хяргас нуур хараахан хөлдөж дуусаагүй байгаа бөгөөд загас агнуурын ажлыг өвлийн улиралд он дамнаж хийдэг аж.

“Загас агнуурыг зохистой хэмжээгээр хийж, орон нутагтаа орлого оруулан, иргэдийнхээ амьдрал ахуйд тодорхой хэмжээгээр хувь нэмэр болмоор байна. Саяхан Байгаль орчны яаманд саналаа хүргүүлсэн, дэмжигдэх байх гэж найдаж байна” хэмээн тус сумын Засаг дарга Б.Пүрэвгончиг хэллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ