“Учиг шингээж урам хайрлах” ёслол болов

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-12-07 22:46:45

Монгол туургатны гар урлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор Хэнтий аймгийн уран гартнууд урлаж эхэлсэн их эзэн Чингис хааны үеийн нүүдэлчин ахуй, амьдралыг харуулсан эсгий ширмэл аравч болох хосгүй бүтээлээ “Геннисийн дээд амжилт”-д бүртгүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос “Учиг шингээж, урам хайрлах, утас зүү эрхшээх, эсгийгээ зочлуулах” ёслолыг 21 аймагт зохион байгуулж байгаатай холбогдуулж хийсэн ёслол Дархан-Уул аймагт болов.

Уг ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга Ч.Энхбат нар болон уран эмэгтэйчүүд оролцлоо.

Монголын түүхийг уламжлалт аргаар ширж оёсон энэхүү нандин бүтээлийг 108 метр урт, 1.8 метр өргөнтэй цагаан эсгий дээр зээглэн ширэх аргаар оёж байгаа аж. Мөн “Монголын Нууц товчоо”-нд дурдагдсан түүхийн гол үйл явдлуудыг дүрсэлснээс гадна үндэсний хээ угалзыг хослуулан оруулж эртний нэн чухал дурсгал болох буган чулуу, хадны сүг зураг зэргийг дахин давтагдахгүй байх олон төрлөөр дүрсэлж байгаа юм байна. “1200 гаруй жилийн түүхтэй Монголчуудын утас зүү эрхшээх соёл нь биднийг бусдаас ялгах уран сэтгэмж, ур дүйтэй ард түмэн гэдгийг дэлхий нийтэд илтгэдэг . Үүний нэг илэрхийлэл болох уг бүтээлийг “Геннис”-ийн номд бүртгүүлснээр дэлхий дахинд Монгол Улсаа сурталчлах, Эзэн Чингис хааны түүхээ ирээдүй хойч үедээ уламжлан үлдээх чухал ач холбогдолтой”-г аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат онцлов. Мөн дээрх бүтээлийг Геннисийн номд бүртгүүлэхэд зориулж хандивын данс нээжээ.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ