Ливийн цэргүүд Сирт хотыг "Лалын улс"-аас чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-06 08:40:29

ТРИПОЛИ. /Anadolu/. Ливийн арми, аюулаас хамгаалах хүчнийхэн “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн хяналтад байсан эргийн хот болох Сиртийг чөлөөлжээ.

Ливиийн түр засгийн газрын цэргийн командлал даваа гарагийн орой мэдэгдэхдээ “бид “Лалын улс”-ын олон арван босогчийг буулган авч, хотыг бүхэлд нь хяналтандаа авсан” гэв.

Босогчдын эсрэг ажиллагааг АНУ-ын Агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр зургаан сарын өмнөөс явуулж эхэлсэн юм.

"Лалын улс"-ын босогчдын штаб байрлаж байсан Сирт хотын хурлын төвийг энэ оны наймдугаар сард чөлөөлсөн боловч босогчдын зарим нь байшин барилгуудад бүгээд байсан билээ.

Хуурай замын болон далайн тээвэр хөгжсөн стратегийн чухал хот болох Сиртийг “Лалын улс”-ынхан өнгөрсөн оны зургадугаар сард булаан эзэлснээсээ хойш хүмүүсийг эгнээндээ нэгтгэж, тэднийг сургаж бэлтгэх бааз болгон ашиглаж байжээ.

Мөн тус бүлэглэлийнхэн айлган сүрдүүлэх тогтолцоог бий болгон, оршин суугчдыг баривчилж, хөнөөж байсан байна.

Сирт хотыг алдсанаар тус бүлэглэлийн Ливи дэх нөлөө эрс сулрах юм.

Ливийн түр Засгийн газар дотоод дахь хагаралт байдлыг эцэслэж, босогчдыг бүрмөсөн дарж чадах эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Г.Доржханд



 

Холбоотой мэдээ