"Шапекоэнсе" клубыг цомын аваргаар тодрууллаа

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2016-12-05 11:31:44

ЛОНДОН./BBC/. Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (КОНМЕБОЛ) тус тивийн цомын аваргаар Бразилын "Шапекоэнсе" клубыг тодруулах шийдвэр гаргалаа. Тус клубын хөлбөмбөгчдийн ихэнх нь шувтаргын тоглолтод оролцохоор явж байгаад нисэх онгоцны ослоор амиа алдсан билээ. 

Клубын түр ерөнхийлөгчийн ярьснаар, КОНМЕБОЛ дээрх шийдвэрээ клубын удирдлагад мэдэгдсэн байна. Уг цомыг дагалдуулан 2 сая долларын мөнгөн шагнал олгодог ажээ.

Дээрх шийдвэр гарахаас өмнө "Шапекоэнсе" клубтэй финалд өрсөлдөхөөр шалгараад байсан Колумбын "Атлетико Насьональ" клубынхэн ослоор амиа алдсан Бразилын хөлбөмбөгчдийг "тэд бол аваргууд" гэж мэдэгдэж байсан юм. 

Аймшигт ослоос таван хүн амьд үлдсэний гурав нь "Шапекоэнсе"-гийн хоёр хамгаалагч болон хаалгач байлаа. Амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Бразил улсад гурван хоногийн гашуудал зарласан билээ. 

1973 онд байгуулагдсан "Шапекоэнсе" клуб Бразилын хөлбөмбөгийн дээд лигт 2014 онд багтан орсон ба сүүлийн гурван жилийн хугацаанд Өмнөд Америкийн цомын финалд үлдсэн Бразилын анхны баг юм. 

Б.Адъяахүү 

 

 

Холбоотой мэдээ