Ф.Кастро таалал төгссөнтэй холбогдуулан Умард Солонгост 3 хоногийн гашуудал зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. Кубын удирдагч Фидель Кастро таалал төгссөнтэй холбогдуулан Умард Солонгост өнөөдрөөс эхлэн гурав хоногийн гашуудал зарлажээ.
Энэ шийдвэрийг тус улсын эрх баригч нам болох Солонгосын Хөдөлмөрийн нам, Умард Солонгосын Ардын Дээд хурлын тэргүүлэгчдийн дарга болон Засгийн газар ням гарагт гаргасан тухай албан ёсны эх сурвалж мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 90 насандаа таалал төгссөн Кубын хувьсгалын удирдагч Ф.Кастрогийн дурсгалыг хүндэтгэн Умард Солонгосын томоохон байгууллагууд болон тодорхой газруудад төрийн далбааг хагас бөхийлгөх ажээ.
Ф.Кастро таалал төгссөнд “маш ихээр” эмгэнэн гашуудаж байгаагаа Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун илэрхийлээд, түүнийг “хоёр улс хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн, умард солонгосчуудын дотнын нөхөр” гэжээ.
Энэ хоёр коммунист улс бол эртнээс найрсаг харилцаатай орнууд юм.
Куба улсыг 50 гаруй жилийн турш удирдсан Ф.Кастро эрүүл мэндийн асуудлаас үүдэн 2008 онд төрийн эрхийг өөрийн дүү болох Рауль Кастрод шилжүүлэн өгсөн билээ.
Г.Доржханд