Төрийн албан хаагчид спортоор өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-24 15:50:36

  Увс аймгийн ЗДТГ-аас Биеийн тамир спортын газартай хамтран төрийн байгууллагуудын дунд спортын уралдаан тэмцээнийг зохион байгууллаа.

Сагс, волейвол, ширээний теннис, айзамт гимнастик, дартс, буухиа гэсэн спортын төрлүүдээр явагдсан уг тэмцээнд 19 байгууллагын 20 багийн 400 гаруй төрийн албан хаагч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Аймгийн ЗДТГ-ын хэлтсүүдийн дунд жилд хоёр удаа зохион байгуулагддаг байсан уг тэмцээнд энэ жилээс төрийн бүх байгууллагуудыг хамруулах болсноороо онцлог байв.

Тэмцээний нийлбэр дүнгээр Д.Төрмөнх даргатай Биеийн тамир, спортын газар нэгдүгээр байр эзэлсэн бол С.Батжаргал даргатай аймгийн ЗДТГ, Д.Лхагвадорж даргатай Цагдаагийн газар, Ц.Энхбаатар даргатай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Ц.Мөнхбаяр даргатай Мэргэжлийн хяналтын газрын баг тамирчид шагналт байранд шалгарсан юм.

“Энэхүү тэмцээн нь төрийн албан хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, идэвхитэй хөдөлгөөнд уриалах, хамтын ажиллагааг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Цаашид спортын төрлийг нэмэгдүүлж, цар хүрээг нь өргөжүүлнэ” хэмээн аймгийн БТСГ-ын Ахлах мэргэжилтэн Х.Баяртуул хэллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ