Хүүхдээ цоожилж орхихгүй байхыг анхааруулав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-10-13 14:03:09

Хүүхдээ гэртээ цоожлон орхисноос тагтан дээрээсээ унах шахсан хэрэг өчигдөр орой гарчээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд орших “Харуул Алтай” хотхоны "108 дугаар байрны дөрвөн давхарт айлын тагтан дээр бага насны гурван хүүхэд унах гээд байна, тэднийг аварч тусална уу" гэсэн дуудлага оройн 20:20 цагт ОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид 5 давхраас аврах олс ашиглан 4 давхрын тагтаар нь ороход харгалзах хүнгүй, өглөөнөөс хойш юм идээгүй, ам нь цангасан байдалтай 2-5 насны гурван эрэгтэй хүүхэд байсныг аварчээ. Сүүлийн үед эцэг эхийн болгоомжгүй үйлдэл, хараа хяналтаа сулруулснаас үүдэлтэй бага насны хүүхдүүд өндрөөс унаж амиа алдах явдал багагүй гарч байгаа. Тиймээс бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж, үлдээхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ