Эрдэнэбүрэн сум зуд “зугтдаг” өнөтэй нутаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-23 10:38:53

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд энэ өвөл 280 гаруй суурьт 200,0 мянган мал өвөлжиж байна. Тус сумын засаг дарга Ц.Отгонбаатартай уулзаж, баруун суманд зуд болж байгаа энэ агшинд зүүн бүсийн суманд  өвөлжилт ямар байгааг сонирхлоо.

Тэрээр манай сумын нутгаар  ууландаа бага зэрэг цастай өвөлжилт харьцангуй гайгүй. Хорио цээрийн дэглэм гарч малчид Ховдын голд нэлээн удаан  хугацаанд байсан. Гэвч малын тарга хүч сайн байна. Ховд гол одоогийн байдлаар мөсөн тавагтай /мөс хараахан гүн хөдөөлгүй/, ус ихтэй, малын хэвтэр бууц усанд автаж байна.

Тарга хүчээ сайн авсан мал  голын мал өвсөө дэвсээд хэвтдэг учир хэвтэр бууц гайгүй байна гэв. Тус сум байгалийн хадлан 250 тонныг бэлтгэж, сумын төвд нөөцөд 30 гаруй тонн шахмал өвс нөөцөлжээ.

Зэргэлдээ Ховд сумын нутгаар 10 гаруй суурь айлын мал өвөлжих тооцоотой байгаа, мялзан төст өвчин гарсантай холбоотой Шураг багийн айлуудын хаваржааны бүсэд, айлууд намаржиж бэлчээр нэлээн идэгдсэн байна. Энэ жил тус суманд малын өвчин гарсантай холбоотой  хуц ухна оройтож 10 сарын 20-ноос тавьсан, ирэх жилийн хавар 3 сарын 20-ноос мал төллөх урьдчилсан тооцоотой байна.

Ховд аймгийн Баруун гурван суманд цас зуд нүүрлээд байхад зүүн бүсийн Эрдэнэбүрэн суманд мал намраараа бэлчээрлэж, цас багатай учир бэлчээрийн өвс, ус элбэг өнөтөй сайхан өвөлжиж байна. Эрдэнэбүрэн сум ямар ч үед  цас зуданд өртөөд байдаггүй өвөрмөц нутаг. Нутгийнхан цас зуднаас “төөлтэй морины духан дээрх төөл шиг үлдэх хувьтай нутаг” гэж өвөг дээдсийн үеэс ярилцдаг байжээ. 

Цамбагаравын өвөр нөмөр нөөлөгтэй нутаг, цас орвол Мянгадын Алтанхөхий, Хөх сэрх гээд зэргэлдээ өндөр уулын бэл давж ордог гэлцдэг. Малчид нутгаас минь зуд зугтдаг, өнөтэй сайхан нутаг гэж ярьдаг. Үүнийг тус сумаас төрсөн 60-аад мянгат малчид гэрчилнэ. Аймагтаа хамгийн олон мянгат малчидтай сумын нэгэнд зүй ёсоор ордог нь цас зуд нүүрлэдэггүй өнөтэй өвөлждөгтэй холбоотой. Мөнх цаст  Цамбагаравын өвөр нутаг  хүн малд ээлтэй нутаг, цас зуд биднийг тойроод явчихдаг гэж сумын засаг даргаар олон жил ажилласан Ц.Отгонбаатар дарга хэллээ. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум аймгийн төвөөс 61 км, нийслэлээс 1461 км-т оршдог ба 268,5 мянган га нутагтай, үүнээс 2431 га тариалангийн, 273 га хадлангийн талбайтай, газарзүйн байрлалын хувьд Их нууруудын хотгорын мужид хамрагддаг далайн түвшингээс 1182-4208 метрт өргөгдсөн өндөр уулс, говь тал хосолсон нутагтай юм.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ