Тувагийн их сургуульд суралцах монгол оюутнууд нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-22 13:14:21

ОХУ-ын Тува улсын их сургуульд суралцдаг гадаад оюутнуудын дунд Монгол оюутнууд дийлэнх хувийг эзэлдэг байна.

Одоогоор 30 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд, Завхан, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотоос очжээ. Тус улсын Засгийн Газрын тэргүүний санаачлагаар тува, урианхай, цаатан гаралтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй суралцуулдаг болсноос хойш Хөвсгөл аймгаас оюутнууд ихээр ирж суралцах болсон байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд Хөвсгөлөөс 28 оюутан очиж суралцаж байгаа бол Увс аймгаас гурван оюутан суралцаж байна.

Увс, Ховд, Завхан аймгийн Засаг дарга нар тус улсад айлчлах үеэрээ Тувагийн их сургуулиар орж, оюутнуудтай уулзалт хийсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагаар Монгол оюутнуудыг тус улсад тэтгэлгээр сургах болсонтой холбогдуулан жил бүрийн хавар ОХУ-ын Соёлын төвд явагддаг шалгалтанд оролцох сонирхолтой хүүхдүүд нэмэгдсэн байна. Гэвч зарим хүүхдүүд зардал мөнгөний улмаас явж чаддаггүй тул энэ байдлыг хялбарчлах үүднээс баруун аймгуудад элсэлтийн шалгалт явуулах хүсэлтийг Тува улсын ЗГ-ын тэргүүнээр дамжуулан ОХУ-ын Боловсролын яаманд хүргүүлэх саналыг Увс аймгийн Засаг дарга тавьсан байна.

Мөн түүх, археологийн судалгаа, язгуур урлаг судлалын чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан тэмцээн уралдаан зохион байгуулах, Тува улсын ЗГ-ын тэтгэлгээр оюутан сургах, Увс аймагт зохиогддог томоохон арга хэмжээнүүдэд багш оюутнуудыг оролцуулах, Увс аймаг Тува улсын хооронд хамтарсан аялалын маршрут гаргаж жуулчин солилцох, энэ чиглэлээр тус сургуульд суралцаж төгссөн боловсон хүчнүүдийг хамруулах тал дээр хамтран ажиллахаар хоёр тал тохиролцсон байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ