Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид говийн бүс рүү 5-10 хоног отор нүүдэл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-22 10:41:55

Өвөлжилт хүндэрсэн Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумын малчид өндөр уулын бүсээс Алтайн өвөр говь, Байтаг, Хавтагын нуруу руу 5-10 хоног отор нүүдэл хийж байгаа талаар Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг мэдээлж байна.

Шадар сайдын тушаалаар байгуулагдсан өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгөх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрх бүхий Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Шуурхай бүлэг энэ  сарын 19-21-ний өдрүүдэд Алтай, Булган, Үенч, Ховд хотод ажиллажээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн 17 сумаас Алтай, Булган, Үенч суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн, Мөст, Цэцэг суманд уулархаг газраа цас их хэмжээгээр орсон, бусад суманд өвөлжилт хэвийн байгаа аж.

Үенч сумын Жаргалан, Улиаст, Нарийн гол багийн нутагт нийт 79 өрхөд 200 гаруй хүн 75600 толгой мал өвөлжиж байна. Алтай сумын Бодонч багийн  19 малчин өрхийн 23,100 толгой мал, Барлаг багийн 7 малчин өрхийн 4200 толгой мал нийт 26 малчин өрх өвөлжилт хүндэрсэн бүсэд амьдарч байгаа тул аймгийн төвөөс “ГАЗ 66” автомашин явуулсан, зарим айлыг нүүлгэн шилжүүлж говийн бүс нутаг руу нүүлгэж эхэлжээ. Өвөлжилт хүндрээд байгаа Бодонч, Барлаг багийн 22 малчин өрх Мөст, Цэцэг сумдын чиглэлд отроор нүүж байна.

Булган, Алтай сумдын уулархаг газар амьдарч байсан малчид их хэмжээний цас орж, мал бэлчээрлэх боломжгүй болсон тул говийн сумд руугаа өдөр алгасахгүй ердийн хөсгөөр нүүдэллэж байна. Орон гэрээ орхин малаа тууж яваа эмэгтэйчүүд, хүүхдүүд, залуус өндөр уулын хавцал дундуур өдөр, шөнөгүй ийнхүү отор нүүдэл хийж яваа аж.

Түүнчлэн өндөр уулын бүсээс говийн бүс рүү отор нүүдэл хийж байгаа айлууд зорьсон газраа ердийн хөсгөөр хамгийн багадаа 5-10 хоногийн газрыг туулж хүрэхээр байгаа аж.

Иймээс Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын хурлыг өчигдөр хуралдуулж дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:

– Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсний улмаас Алтай, Булган, Үенч сумдын өндөр уулын бүсээс Алтайн өвөр говь, Байтаг, Хавтагын нуруу руу отор нүүдэл хийж байгаа малчдад зориулж 3 чиглэлд отрын штаб байгуулах,

–Цасанд хаагдсан зам, давааг нээх зорилгоор хүнд даацын туулах чадвар сайтай техник хэрэгслүүдийг дайчлан ажиллуулах,

–Отор нүүдэл хийж буй малчдад дулаан хувцас, лаа, шүдэнз, түлш зэрэг нэн шаардлагатай бараа, материалын тусламж үзүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссын зүгээс Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран уриалга гаргаж, нутгийн зөвлөлтэй зохион байгуулах,

–Баян-Өлгий аймгийн Булган сумын нутгаас Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумдын нутагт отроор өвөлжих малчдын асуудлыг шийдвэрлэхээр болсон байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ