Зам давааг засахад 20 хоногт зарцуулах түлшний үнийг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-21 23:50:27

Хөвсгөл аймагт Онцгой комиссын хуралдаан болж Мөрөн сумын Дулааны станцыг нүүрсээр хангахад саад учруулж буй зам давааг засах, цасыг цэвэрлэхэд 20 хоногт зарцуулах 1тн дизель түлшний үнэ болох 2 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэв.

Мөрөн сумын Дулааны станц 3 хоногийн буюу 400 тн нүүрстэй байгаа бөгөөд нүүрс татах явцад цас орж Хөх хөтөл, Улаан богоч зэрэг газруудын даваа хаагдсаны улмаас нүүрс тээвэрлэлт зогсчээ. Авто зам арчлалтын Хөвсгөл Азза компани дээрх газруудад ажиллаж байгаа боловч түлшний асуудлаас болоод зогссон тул Онцгой комиссын хуралдаанаар ийнхүү шийдвэрлэв.

Дулааны станц хэвийн үед 100-120 тн нүүрс түлдэг бол өнгөрсөн шөнө хөрсөн дээр -36 градус хоносон тул 185 тн нүүрсийг зарцуулжээ. Цаашид хүйтний эрч чангарах төлөвтэй  байгаа тул хангалттай нүүрсийг  нөөцлөхгүй бол Мөрөн сумын хэмжээнд хөлдөлт үүсэх эрсдэлтэй гэдгийг Дулааны станцын дарга Б.Мөнхсайхан хэлж байлаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ