Анкарад амиа золиослогчид тус бүр 5 кг тэсрэх бодис дэлбэлжээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-13 10:25:52

АНКАРА. /TASS/. Туркт саяхан болсон халдлагын улмаас шархдаж гэмтсэн 138 хүн тус улсын нийслэл хотын эмнэлгүүдэд эмчлүүлж байна. Энэ тухай тус улсын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Нуман Куртулмуш сайд нарын танхимын хурлын дараа мэдэгджээ.

“Халдлагын улмаас 97 хүн амиа алдсаны 92-ыг нь хэн болохыг нь тогтоосон. 365 хүн эмнэлэгт хандсанаас 138 нь эмчилгээ хийлгэж байгаа бол 58 нь эрчимт эмчилгээний тасагт байна. Халдлагыг мөрдөн шалгах ажлыг маш нарийн явуулж байна. Халдлагыг хоёр амиа золиослогч үйлдсэн болох нь бараг тодорхой болж байгаа” гэж тэрбээр мэдээлсэн байна. Гэхдээ мөрдөн шалгах ажил дуусаагүй байгаа учир энэ мэдээлэл одоогоор албан ёсны биш гэдгийг Куртулмуш онцлон дурджээ.

Куртулмушийн мэдээлснээр, террористуудыг хэн болохыг бүрэн тогтооход багахан хугацаа үлдсэн байна. Одоо байгаа мэдээллээс үзвэл, тэд тус тусдаа үйлдвэрийн аргаар бэлтгэсэн 5 кг тэсрэх бодис дэлбэлжээ. Халдлагад “Лалын улс” бүлэглэлийнхэн холбоотой гэх хувилбарт тэрбээр тайлбар өгөөгүй байна. “Лалын улс”-ын босогчдыг Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу  урьд нь “гол сэжигтнээр” нэрлэсэн юм.

Энэ сарын 10-нд болсон халдлага Туркийн түүхэн дэх хамгийн цуст халдлага болсон юм. Терроризмыг эсэргүүцэж, энх тайван байдлыг дэмжихээр цугласан олны дунд амиа золиослогчид халдлага үйлджээ. Уг халдлагыг 11 дүгээр сарын 1-нд болох парламентын ээлжит бус сонгуульд саналаа өгөх сонгогчдод нөлөөлөх гэсэн оролдлого гэж Давутоглу мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ