Р.Дутерте: Филиппин улс дүрвэгсдийг хүлээн авахад бэлэн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМАНИЛА. /Reuters/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте дүрвэгсдийг оруулахгүйн тулд хилээ хаан, хоёр нүүр гаргаж буй барууны орнуудыг шүүмжлээд Филиппин улс "сав дүүрэн халих" хүртэл дүрвэгсдийг хүлээн авахад бэлэн байна гэжээ.
Хар тамхины эсрэг өөрийнх нь эхлүүлсэн дайныг эсэргүүцэгчдийг Р.Дутерте шүүмжилсэн байна. Пүрэв гарагт “Al jazeera” сувгаар гарсан богино хэмжээний баримтат кинонд түүний хэлсэн үгсийг оруулжээ. Тэрбээр АНУ-г “дээрэлхүү” хэмээн дүгнээд, хар тамхины эсрэг хэн нэгэн хүн сөрөн зогсох ёстой гэж тайлбарлажээ.
Хараалын үгийг харамгүй хэрэглэн ярьсан 71 настай Р.Дутерте Бээжин болон Москвагийн талаар нэлээд найрсаг үг хэлсэн байна. Тэрбээр БНХАУ-ын дарга Си Зиньпинийг “маш эелдэг хүн” гэсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг “үнэнч шударга хүн” хэмээн дүгнэсэн байна.
Европыг тахал мэт нөмөрсөн дүрвэгсдийн асуудлаар Р.Дутерте ярихдаа, барууны орнууд хамгийн их тусламж хэрэгтэй хүмүүст туслахгүй байхад харин 100 сая хүн амтай хөгжиж буй улс болох Филиппин тэднийг хүлээн авахад бэлэн байна гэжээ.
“Тэд хэзээ ч энд ирж болно. "Хальж дүүрэх" хүртэл бид тэднийг угтан авахдаа баяртай байх болно. Тэднийг бидэн рүү явуул. Бид тэднийг хүлээж авна. Тэд нар чинь хүн шүү дээ” хэмээн Р.Дутерте ярьжээ.
Өнгөрсөн 5 дугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Р.Дутерте Филиппин улсыг нэлээд хөдөлгөөнд оруулаад байгаа бөгөөд ард иргэдийн дунд нэр хүнд нь сайн байгаа юм. Тэрбээр өөрийн холбоотон болох АНУ-тай дайсагналын байдалтай байгаа бөгөөд түүний эхлүүлсэн хар тамхины эсрэг дайны улмаас 2400 гаруй хүн амь үрэгдээд байгаа билээ.
Цагдаа нарын явуулсан баривчлах ажиллагааны үеэр олон хүн амиа алдсан юм. Гэвч уг хэрэг явдлын хариуцлагыг хүлээхгүй гэдгээ Р.Дутерте мэдэгдээд, эрх баригчдын хөлсөлсөн зэвсэгт этгээдүүд аллага үйлдсэн гэх яриаг эрс няцааж байгаа юм.
Х.Сарнай