Төсвийн алдагдал 100 гаруй тэрбумаар тэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-12 16:42:22

Үндэсний статистикийн хорооноос эхний есөн  сарын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

 Инфляци   8 дугаар сараас 0.8 хувиар буурчээ

Улсын хэмжээнд инфляци есдүгээр сард өмнөх сараас 0.8 хувиар буурч, оны эхнээс 2.6 хувь, өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өсчээ.

Инфляци өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өсөхөд 28.7 хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс, 27.6 хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс, 17.7 хувь нь орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Татварын орлого 165.9 тэрбум төгрөгөөр буурчээ

Төсвийн алдагдлын хэмжээ өнгөрөгч есдүгээр сард 867.3 тэрбум төгрөгт хүрчээ. Өмнөх сарын хувьд төсвийн алдагдлыг 700 гаруй тэрбум төгрөг гэсэн үзүүлэлт  гарсан бол сарын хугацаанд ийнхүү тэлэв. Татварын орлого есдүгээр сард 165.9 тэрбум төгрөгөөр буурчээ. Тодруулбал  нэмэгдсэн өртгийн албан татвар 252 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 34 тэрбум, бусад татвар хураамжийн орлого 23.7 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Үүнтэй зэрэгцэн  экспорт, импортын үзүүлэлт  буурсан байна. Экспортын хэмжээ өмнөх сараас 34 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Импорт өмнөх сараас 8.3 хувиар буурсан нь эерэг үзүүлэлт гэдгийг албаныхан тодотголоо. Харин гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний есөн сард ашигтай гарсан байна. Тухайлбал, өнгөрсөн онд гадаад худалдааны тэнцэл 1.4 сая ам.долларын алдагдалтай гарсан бол энэ онд 684 сая ам.долларын ашигтай гарчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 6 хувиар өсчээ

Чанаргүй зээл сүүлийн саруудад өсөлттэй гарч  байсан бол энэ сард 3.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 41 хувиар өссөн үзүүлэлт юм. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 828.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 6 хувиар өссөн байна.  Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 9 дүгээр сарын эцэст 11.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 97.7 тэрбум төгрөг буюу 0.8 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 673.1 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар буурчээ.

Төгрөгийн ам. доллартай харьцах ханш 8.6 хувиар суларчээ

Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш  9 дүгээр сард 1993.79 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 158.04 төгрөг буюу 8.6 хувиар суларсан байна.  Харин төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн 8 дугаар сард өмнөх сараасаа 1.5 хувь, 9 дүгээр сард 0.2 хувиар чангарчээ.  Тэгвэл төгрөгийн рубльтэй харьцах нэрлэсэн дундаж ханш  9 дүгээр сард 29.87 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18.46 төг буюу 38.2 хувиар чангараад байна.

 Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.4 хувь нь эмэгтэйчүүд

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд  өнгөрсөн сарын эцэст 43.6 мянга болсны 24.2 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 31.1 мянга нь ажилгүй иргэд бөгөөд өмнөх оны мөн үеэс 2.8 мянган хүн буюу 8.3 хувиар буурч, өмнөх сараас 0.7 мянган хүн буюу 2.2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.4 хувь буюу 17.5 мянга нь эмэгтэйчүүд байгаа аж.  Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2015 оны эхний 9 сард ажилгүй 87.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 17.6 мянган иргэн ажилд зуучлагджээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ