Н.Номтойбаяр: Ахмадууд банкаа сонгодог болсон нь тэтгэврийн зээлийн хүү буурах эхний алхам

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-16 17:13:02

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийв.

Тус яамны зүгээс өнөөдөр Засгийн газрын хуралдаанд хоёр асуудал оруулж хэлэлцүүлснийг тэрбээр мэдээллийн эхэнд онцлоод “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас тэтгэвэр авагчид банкаа өөрсдөө судлах боломжийг судлах үүрэг өгсөн. Өнөөдөр бол тухайн тэтгэвэр авагчийн банкийг Нийгмийн даатгалын байгууллага өмнөөс нь сонгоод данс нээж байгаа. Ингэснээр нийт тэтгэвэр авагчийн 95 орчим хувь нь Төрийн банк болон Хаан банкаар үйлчлүүлдэг. Хөдөө орон нутагт харьцангуй хязгаарлагдмал ч нийт тэтгэвэр авагчдын 40 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Тиймээс аль ч арилжааны банкаар үйлчлүүлэх боломжтой” гэв.

Одоогийн байдлаар 370 орчим мянган иргэн арилжааны долоон банкаар дамжуулан тэтгэврээ авдаг. Судалгаанаас үзэхэд нийт тэтгэвэр авагчдын 48.5 хувь нь Хаан банк, 42.2 хувь нь Төрийн, 8.6 хувь нь Капитал, үлдсэн нь Улаанбаатар, Хас, Чингис хаан, Худалдаа хөгжлийн банкаар тэтгэврээ авч байна.

Дээрх үүрэг даалгавар биеллээ олж, нийслэлд амьдарч байгаа ахмадууд өчигдрөөс эхэлж Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргаснаар тэтгэвэр авах банкаа өөрсдөө сонгодог болсон байна. Ингэснээр цаг зав, зардал чирэгдэлгүй тухайн ойр орчимдоо байгаа банкаар үйлчлүүлэх, банкууд үйлчилгээ, өртөг зардлаараа өрсөлдөх боломжтой болж байгаа юм.   

Нөгөөтэйгүүр энэ нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга замын эхний алхам болж байгааг Н.Номтойбаяр сайд онцолж байв. Энэ асуудлаар одоогийн байдлаар Төрийн банктай ярилцаж байгаа бөгөөд тэтгэврийн зээлийн хүүг шат дараатай буулгах боломжтой гэж үзэж байгаа аж.

Ерөнхий сайдаас мөн 2016-2020 онд элэгний С вирусын голомтыг ор мөргүй арилгах чиглэлээр үүрэг даалгавар өгчээ. Үүнтэй холбогдуулж ЭМД-ын сангаас клиник шинжилгээнд орж баталгаажсан элэгний С вирусыг арилгах зарим нэр төрлийн эмийг хөнгөлөх асуудлын хүрээнд ажлын хэсэг гарч Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллажээ. Үүний үр дүнд дунджаар 40 хувь буюу 210 мянган төгрөгийг тухайн эмийн нэр төрлөөс хөнгөлөх боломжтой гэж үзэж Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.

С вирусийг эмчлэх АНУ-ын “Харвони”, Энэтхэгийн “Ледвир”, “Ледифос”, “Хедсинат-ЛП”, “Вирпас” эм манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээд байна. Эдгээр эм зах зээлд 340-702 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Энэ оны есдүгээр сарын байдлаар С вирустэй гэх 18-аас дээш насны 4681 хүн “Харвони” эмийг уусан бөгөөд эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн шинжилгээний хариуг харахад 98.9 хувьд нь вирус тоологдоогүй гэсэн үзүүлэлт гарчээ.

Элэгний С вирусын голомтыг ор мөргүй арилгах чиглэлээр 2016 оныг дуустал 23.4 тэрбум, 2017 онд 23.4 тэрбум төгрөг суулгасан бөгөөд 2020 он гэхэд бүрэн устгах боломжтой гэж үзэж байгаагаа Н.Номтойбаяр сайд хэлж байв.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ