Хорт зуршлын эсрэг нэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-16 11:37:56

Увс аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Хариуцлагатай залуу манлайлагч” клубтэй хамтран хорт зуршлын эсрэг сарын аяныг зарлаад байна.

Аяны хүрээнд 11-р сарын турш цахим ертөнц болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хорт зуршлаасаа татгалзахыг уриалах юм байна. Жил ирэх тусам залуучуудын дунд архи, тамхины хэрэглээ өсч, амьдралын буруу дадал хэвшил бий болсоор байгаа аж. Иймээс залуучууд бие биедээ нөлөөлж, өдөр тутмын амьдралдаа зөв мөрдлөг бий болгосноор хорт зуршлаасаа салах юм байна. Аяны хүрээнд УИХ-д өргөн мэдүүлэх гэж буй Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд Увс аймгийн залуучуудын саналыг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг хэвлэн мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болжээ.

Аймгийн ГБХЗХГ-ын дэргэд “Хариуцлагатай залуу манлайлагч” клуб байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа аж. Тус клуб нь залуучуудын дуу хоолойг сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэх, залуу хүн бүр хариуцлагатай хандах чадвартай болоход уриалах, нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын ажлыг зохион байгуулах зорилготой байна.

“Цаашид залуучууын төлөөх байгууллагын үйл ажиллагааг дэмжих болон нийгэм дахь залуусын оролцоог нэмэгдүүлэхэд тэдний өөрсдийнх дуу хоолойгоо илэрхийлэх байдал чухал юм. Иймээс ГБХЗХГ, “Хариуцлагатай залуу манлайлагч” клубээс санаачлан зохион байгуулж буй хорт зуршлын эсрэг сарын аянд зөвхөн залуус гэлтгүй бүхий л насны хүмүүс үлгэрлэл болж оролцохыг уриалъя” хэмээн аймгийн ГБХЗХГ-ын ХЗХА-ны дарга Н.Өлзийбаяр хэллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ