Хальтиргаанаас болж зам тээврийн осол гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-15 16:11:51

Сүүлийн үед Увс аймгийн Улаангом хотноо цас ихээр орсны улмаас замын халтиргаа ихсэж, зам тээврийн осол гарсаар байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн осол хоёр бүртгэгдсэн нь халтиргаатай зам дээр хурд хэтрүүлэн явсантай холбоотой аж.

Зам тээврийн ослын улмаас тухайн жолооч эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирохоос гадна замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчдыг гэмтээхгүй гэх баталгаагүй юм. Үндсэндээ жолоочийн хариуцлагагүй байдлаас үүдэн хэдхэн секунтын дотор буцаах аргагүй том хор хохирол иргэдэд учирдаг. Иймээс жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, хурдаа зөв тохируулан оролцох хэрэгтэй хэмээн аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.

“Замын халтиргаа гулгаа ихтэй байгаа учир Замын цагдаагийн тасгаас хяналт шалгалыг эрчимжүүлж, хууль зөрчсөн жолооч нарт хариуцлага оногдуулах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ сард цас ихээр орох төлөвтэй байгаа учраас аж ахжйн нэгж, байгууллагууд гудамж талбай, эргэн тойрныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэх хэрэгтэй байна” хэмээн аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга Б.Баясал хэллээ.

Энэ сарын 10-аас ирэх оны 4-р сар хүртэл мотоцикльтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоод байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ