Ойжуулсан нэг ч га талбайг улсын ойн санд хүлээлгэж өгөөгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-15 11:42:06

2016 оны есдүгээр сарын 12-ноос арваннэгдүгээр сарын наймны хооронд Архангай аймгийн ойжуулалт, ойн цэвэрлэгээнд зарцуулсан хөрөнгийн үр дүнд гүйцэтгэлийн аудит хийхэд  2014-2016 онд ойжуулсан нэг ч га талбайг улсын ойн санд хүлээлгэн өгөөгүй байна.

Аудитад хамрагдсан гурван жилийн хугацаанд ойн сангаас нийт 297806,5 шоо метр мод бэлтгэж ашиглажээ. Өөрөөр хэлбэл, ойн сан энэ хэмжээгээр буурсан гэсэн үг.

Ойгоос авч ашигласан нийт модны 31095,4 шоо метр нь хэрэглээний мод байгаа бөгөөд түүний 100 шоо метр тутамд гурван га талбайд аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийх ёстой байж. Энэ хэмжээгээр тооцвол 2014-2016 онд зөвхөн ААНБ өөрийн хөрөнгөөр Архангай аймагт 932,6 га талбайг ойжуулж улсын ойн санд хүлээлгэн өгсөн байх ёстой атал гурван жилийн хугацаанд 554,5 га талбайд ойжуулах ажил, үүнээс 16 га-г ААНБ-ын хөрөнгөөр ойжуулсан гэх мэдээ зөвхөн цаасан дээр байна.

Архангай аймаг 5531382 га дэвсгэр нутагтай. Үүний 1008613га талбай нь ойн сан бөлгөө. Өөрөөр хэлбэл,  нийт нутгийн дөнгөж 18 хувь нь ойн сан билээ.

Л.Булган

 

Холбоотой мэдээ