Сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онц хүйтрэл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-15 11:24:32

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс энэ сарын 17-25-нийг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөв гарсан хэмээн мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдах нөхцөл байдал үүсч болзошгүй аж. Мөн 17-нд нутгийн хойд хэсэг, цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Увс нуур, Идэр, Тус голын хөндий, Дархадын хотгороор -42-47 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35-40 градус хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, дулааны хангамжид хүндрэл учруулах онцгой нөхцөл байдал бүрдэж байгааг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар Манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ, Тэшиг, Хангал сум, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Дашбалбар, Сэргэлэн,Цагаан-Овоо, Чойбалсан, Хөлөнбуйр сум, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Тэс, Түдэвтэй сум, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум,Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхонтуул, Орхон, Түшиг, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай,Сагил, Түргэнсум, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цагааннуур, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сум, Хэнтий аймгийн Баян-Адарга, Батноров, Биндэр,Өмнөдэлгэр,Норовлин сумын нутгаар цасны зузаан 11-20 см (нягт 0.10-0.30 гр/см3), Дархан-Уул аймгийнДархан, Шарынгол сум, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Ерөө, Цагааннуур, Хушаат, Хүдэр сум,Увс аймгийн Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Цагаанхайрхан сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Хатгал сум, Хэнтий аймгийн Дадал сумын нутгаар цасны зузаан 21-40 см-т хүрсэн байна.

Б.Туул

Холбоотой мэдээ