Францад онц байдлын хугацааг сунгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-14 14:02:14

ПАРИС./KAZINFORM/.Өнгөрсөн онд Парис хотод террорист халдлага болсны дараа улс орон даяар тогтоосон онц байдлын хугацааг сунгаж магадгүй гэж Францын Ерөнхий сайд Мануэль Вальс мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ “ардчиллыг хамгаалахын тулд ийм арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-нд Парис хотын концертын танхим, ресторанууд болон бусад газарт “Лалын улс” цэрэгжсэн бүлэглэлийнхэн халдлага үйлдэн 130 хүний аминд хүрсэн юм.

Эдгээр халдлагуудаас хойш тус улс даяар онц байдал зарласан хэвээр байгаа билээ.

Францын холбогдох албаны хүмүүс терроризмтой тэмцэх арга хэмжээг чангатган, шүүхийн зөвшөөрөлгүйгээр 4000 байршилд нэгжлэг хийжээ.

Францад лалын шашинт таван сая хүн амьдардаг гэсэн тоо бий. Дээрх террорист халдлагын улмаас тэднийг ялгаварлан гадуурхах нь улам нэмэгджээ.

Ирэх онд тус улсад ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Цагаачдад тавих хяналтыг чангатгахыг уриалах нэр дэвшигчдийг олон нийт түлхүү дэмжих хандлагатай байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ