Авьяаслаг далайн гахайн тоглолт багачуудыг гайхшруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-11 17:16:38

Цэнхэртэн цэлэлзэх усан дотор гурван дельфин тойрон сэлж,  вальс эргэн, танго бүжиглэн, зураг зуран, цагирагаар наадна. Аав Вася, ээж Катя, хүү Десин нар Монголд ирээд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркт  “Далайн амьтдын тоглолт”-оо хийж байгаа нь энэ юм.

Эелдэг, нөхөрсөг зан чанартай, хүний дотны нөхөр дельфин буюу далайн гахайг багачууд маань цэнхэр дэлгэцээр л харж байсан бол ийнхүү бодитоор нь харах боломжийг "Монре транс" компанийнхан олгожээ. Тус компанийн урилгаар өнгөрсөн сараас эхэлсэн ОХУ-ын "Московский Дельфинарий" явуулын далайн амьтдын тоглолт үзэгчдийн хүсэлтээр энэ сарыг дуустал үргэлжлэх юм байна. 

Тэдний тоглолтод зориулан 500 хүний суудалтай, 500 шоо метр хэмжээтэй, гурван метрийн гүн, 18 хэмийн дулааныг жигд барьдаг усан сан ОХУ-аас авчирчээ. Далайн шорвог усыг бий болгохын тулд усан санд 18 тонн давс хэрэглэсэн байна. Дельфинүүд голын загас иддэггүй тул ОХУ-аас 5 төрлийн 5 тонн далайн загас захиалан авчирчээ.

Дельфиний аав нь 15, ээж нь 13, хүү нь хоёр настай. Тэд дасгалжуулагчийн гарын хөдөлгөөн, шүгэлийн дуунд захирагдан үзүүлбэрээ үзүүлнэ. Үзүүлбэр амжилттай болох бүрт дасгалжуулагч хоол өгч, илж таалан урам өгч байв.

"Монретранс" компанийн дэд захирал Э.Оюунтөгс хэлэхдээ, “Манай компани ОХУ-ын хөрөнгө оруулалттай Монголд үйл ажиллагаа явуулдаг. Анх Оросын талаас санал тавьсны дагуу манай улс далайд гарцгүй орон учраас энэ тоглолтыг анх удаа Монголчуудад хүргэж байна. Арслан, бар зэрэг амьтдын тоглолтыг бид өмнө нь дэлхийн циркээс харж байсан бол энэ удаа далайн амьтдын тоглолтыг хүүхэд гэлтгүй томчууд ч их сонирхож байна. Анхны тоглолтоо Нийслэлийн ЗДТГ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийнхэнд зориулан үнэ төлбөргүй тоглосон. Үзүүлбэр нь их сонирхолтой, олон улсын мастер дасгалжуулагчтай, амьтад нь туршлагатай. Хоёр настай Десин Монголд ирээд жүжигчнийхээ гарааг эхэлж байна. Ээж, аавыгаа дууриан цагариг уснаас олох, үсэрч харайх үзүүлбэрийг чадмаг хийж байгаа нь үзэгчдийн талархлыг ихэд хүлээж байна. Харахад их өхөөрдөм” гэсэн юм.

“Дельфинүүд ер нь тоглож, үсэрч наадах дуртай. Тэднийг хүчээр дасгал хийлгэж, үсэрч харайлгаж, сургана гэж байдаггүй. Дельфинүүд тоглож үсэрч харайх үзүүлбэр үзүүлдэг, түүнийг нь дасгалжуулагч хараад ийм үзүүлбэр үзүүлж болох юм байна гэж бататгадаг. Үзүүлбэр тоглолтыг ер нь тоглоомын хэлбэрээр явуулдаг. Хоёр тархитай, маш ухаантай амьтан учир хүний дохио, зангааг сайн ойлгоно. Тэд хүн шиг өөр өөр ааш зантай байдаг” хэмээн “Московский Дельфинарий” далайн амьтдын тоглолтын менежер сонирхуулсан юм.

Даваа, мягмар гарагт дельфинүүд амарч, ажлын өдрүүдэд Лхагва, Пүрэв, Баасан гарагт 18:00, Бямба, Ням гарагт 12:00, 15:00, 18:00 цагаас тус тус тоглож байна.

Тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамааран 15-30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд гурваас доош насны хүүхэд төрсний гэрчилгээгээ авчран үнэгүй үзэх боломжтой юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ